Dark Light
Урлаг соёл | 2026-10-05

АНУ-ЫН АЛДАРТАЙ ВИОЛОНЧЕЛЬ АМИТ ПЕЛЕД МОНГОЛД МАСТЕРКЛАСС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Филармонийн урилгаар АНУ-ын нэрт виолончель хөгжимчин, удирдаач, профессор Амит Пелед (Amit Peled) Монгол Улсад хүрэлцэн ирж байна.

Тэрээр Монголын мэргэжлийн хөгжимчид болон хөгжмийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан өөрийн ур чадвар, туршлагаасаа хуваалцах мастеркласс (Masterclass) сургалтыг зохион байгуулах гэж байна.

Уг сургалт өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 15:00 цагт Монгол Улсын Филармонийн концертын танхимд болно гэнэ.

Амит Пелед бол сонгодог хөгжмийн ертөнцөд, ялангуяа виолончель хөгжмийн чиглэлд олон улсын хэмжээнд маш өндөр үнэлэгддэг, дэлхийн хэмжээний супер-ододтой (Superstar Cellist) зүй ёсоор тооцогддог алдартай хөгжимчин юм.

Тэрээр зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийн сонгодог хөгжмийн "оргил" болсон тайзнуудад бие даасан болон гоцлол тоглолтоо хийсэн: 

  • Нью-Йоркийн Карнеги Холл (Carnegie Hall)

  • Вашингтоны Кеннеди Төв (Kennedy Center)

  • Лондонгийн Вигмор Холл (Wigmore Hall)

  • Парисын Sallé Gaveau болон Берлиний Konzerthaus. 

Домогт Пабло Казальсын виолончелийг өвлөн тоглосон нь

Сонгодог хөгжмийн ертөнцөд түүнийг хамгийн их алдаршуулсан зүйл бол 20-р зууны дэлхийн хамгийн агуу виолончельч гэгддэг Пабло Казальсын (Pablo Casals) 1733 оны Маттео Гофриллер (Matteo Goffriller) виолончелийг түүний бэлэвсэн эхнэрээс нь биечлэн өвлөж авч, 2012-2018 оны хооронд тоглох онцгой эрх хүндлэлийг хүлээсэн явдал юм. Энэхүү түүхэн, үнэлж баршгүй зэмсгийг зөвхөн дэлхийн хамгийн шилдэг виртуозод л итгэж хүлээлгэн өгдөг.

Нэр хүндтэй сургуулийн Профессор

Амит Пелед бол АНУ-ын хамгийн эртний бөгөөд шилдэг хөгжмийн сургуулиудын нэг болох Жонс Хопкинсын Их Сургуулийн Пибоди Консерваторийн (Peabody Institute of Johns Hopkins University) үндсэн профессор багш юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг залуу хөгжимчдийг шалгаруулж сургадаг, хамгийн эрэлттэй багш нарын нэг. 

Өвөрмөц дүр төрх ба тоглолтын хэв маяг

Тэрээр залуудаа сагсан бөмбөг тоглодог байсан, 195 см өндөр нуруулаг хүн бөгөөд виолончель хөгжмийг тэврэн гарч ирэхэд хэвлэлүүд түүнийг "Жаклин дю Прэ тариачны биед амилсан мэт хүчирхэг нэгэн" гэж тодорхойлж байв. Тоглолтынхоо үеэр үзэгчидтэй шууд харилцаж, хөгжмийнхөө түүхийг сонирхолтойгоор ярьж өгдөг нээлттэй, дулаахан зангаараа алдартай. Тийм учраас АНУ-ын Элчин сайдын яам болон Монгол Улсын Филармони хамтран түүнийг эх орондоо урьж авчирч, манай оюутнуудад үнэ төлбөргүй мастеркласс хийлгэж байгаа нь Монголын хөгжмийн ертөнцөд, тэр дундаа утсан хөгжмийнхний хувьд маш ховор, түүхэн боломж юм.

Жаклин дю Прэ (Jacqueline du Pré) бол 20-р зууны дэлхийн хамгийн агуу, сод виолончельчдын нэг юм. Сонгодог хөгжмийн ертөнцөд түүнийг "домог" хэмээн хүндэлдэг бөгөөд виолончель хөгжмийн түүхийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Жаклин дю Прэг дэлхийн хэмжээний супер од болгосон бүтээл бол Английн хөгжмийн зохиолч Эдвард Элгарын "Виолончелийн концерт" (Elgar Cello Concerto) юм. Тэрээр 1965 онд 20-хон настайдаа энэ бүтээлийг тоглож, бичлэг хийлгэсэн нь өнөөдрийг хүртэл дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг, хамгийн сэтгэл хөдөлгөсөн хувилбар гэж тооцогддог. Өнөөдөр ч гэсэн хөгжмийн ертөнцөд "Элгарын концерт = Жаклин дю Прэ" гэсэн ойлголт байдаг.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19