Kursiv Media хэмээх Казахстаны мэдээллийн сайтад Монголын “Нийгмийн дайсан” хэмээх киноны шүүмж гарсан байна. Энэ сайтад Дмитрий Мостовойгийн бичсэн шүүмжийг та бүхэнд толилуулъя.
Казахстаны кино театруудын дэлгэцнээ маш ховор, бүр тодруулбал нэн ховор зочин бол Монголын кино юм. Тус улсын кино урлагтай танилцах ийм боломжийг алдах аргагүй байсан бөгөөд найруулагч Баянжаргалын Гарамхандын "Өмгөөлөгч. Нийгмийн дайсан" (Адвокат. Враг общества) уран сайхны киног үзэхэд манай хоёр улсад ижил төстэй асуудлууд байдаг нь харагдлаа. Үүнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, шүүхийн системд итгэх итгэл сул байгаа байдал, мөн шударга ёсыг тогтоох боломж гэж үзэн сошиал медиагаар асуудлыг олон нийтэд цацах зэрэг хамаарч байна.
Бүгдийг санах хэцүү ч, миний бие кино урлагийн талаар бичиж буй хорь гаруй жилийн хугацаанд "Адвокат. Қоғам жауы" (киног казах хэл рүү орчуулан дубляж хийсэн бөгөөд орос хадмал орчуулгатайгаар гарч байгаа) нь миний үзэж буй хамгийн анхны Монгол кино юм. Хэдийгээр манай улсууд газар зүйн хувьд ойр оршдог, миний бие Монголд очиж байсан, мөн Улаанбаатар хот гаднах үзэмжээрээ Казахстаны хотуудтай тун төстэй (зөвлөлтийн үеийн барилгууд...) боловч кино урлаг нь биднээс хол байжээ.
Киноны үйл явдал
Киноны гол дүр болох Тэнгис бол амжилттай яваа, нэр хүндтэй өмгөөлөгч юм. Тэрээр нэгэн найдваргүй хэргийг өөртөө авдаг бөгөөд энэ нь өсвөр насны охиныг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж, нийгмээрээ үзэн ядаж буй сэжигтнийг шүүх хурал дээр өмгөөлөх ажил юм.
Энэхүү хэргийг авснаар Тэнгис зөвхөн өөрийн нэр хүнд, өмнө нь хураалгаж байгаад сэргээлгэсэн өмгөөллийн лицензээрээ дэнчин тавиад зогсохгүй, түүний энэ алхам өөрийнх нь болон гэр бүлийнх нь хувь заяаг бүхэлд нь сүйрүүлж мэдэх аюултай тулгарна. Учир нь сошиал орчин болон олон нийт түүнийг "хүүхэд хөнөөгчийг хаацайллаа" хэмээн эсэргүүцэж, түүний эсрэг хэрцгий дайралтуудыг хийж эхэлдэг.
Шүүмжлэгчийн дүгнэлт
Киноны өрнөл хэсэгт прокурор, гэрчүүд, шүүгчид оролцсон шүүх хурлын жинхэнэ драм өрнөх боловч Тэнгис болон түүний цөөн хүнтэй багийн хийсэн мөрдөн шалгах ажиллагаанд хэтэрхий бага хугацаа зарцуулсан нь сул тал болжээ. Детектив буюу эрэн сурвалжлах өнцгөөс харвал кино тийм ч төгс биш, хэн алуурчин бэ гэдэг нь бараг эхнээсээ л ойлгомжтой байдаг. Гэсэн ч энэхүү сэдвийг зохиолчид бүрэн нээж чадаагүй нь магадгүй киноны үргэлжлэл гарах болов уу гэх хүлээлтийг үлдээж байна.
Гэвч энэ бүхнийг үл харгалзан, "Өмгөөлөгч. Нийгмийн дайсан" киног бүхэлд нь нуруундаа үүрч гарсан гол багана бий. Энэ бол Тэнгисийн дүрийг бүтээсэн жүжигчин Сүхээгийн Ариунбямба юм. Миний бие Монголын кино урлагийн мэргэжилтэн биш ч түүнийг Монголдоо маш алдартай, чадварлаг жүжигчин гэдгийг сонссон. Тэрээр өөртөө хэт итгэлтэй, бага зэрэг "оддын өвчин" туссан ч гэлээ, шийдвэрлэх мөч ирэхэд хэргийг замаас нь орхилгүй эцсийг нь хүртэл явах зоригтой, асар өндөр мэргэжлийн өмгөөлөгчийн дүрийг гайхалтай гаргаж чаджээ.
Киноны явцад Тэнгисийн дүрийг тодотгох сонирхолтой деталь бол түүний зангиа юм. Анх зангиа нь түүнийг нийгмийн дунджаас дээгүүр давхаргад харьяалагддагийг илтгэх бэлгэдэл байсан бол дараа нь хэрэгт туслах хэрэгсэл, харин төгсгөл хэсэгт зангиагаа тайлах нь чөлөөлөлт болон "ард түмэнтэйгээ илүү ойр байх" гэсэн тэмүүллийнх нь бэлгэдэл болж хувирдаг байна.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл




