Шведийн академиас 2026 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг албан ёсоор зарлав. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр Канадын алдартай яруу найрагч, зохиолч, эртний Грек утга зохиол судлаач Энн Карсон (Anne Carson) тодорлоо.
Шведийн академи түүнд шагнал олгох болсон үндэслэлээ “сонгодог утга зохиолын уламжлалтай егөөтэй агаад бүтээлчээр харилцаж, орчин үеийн утга зохиолд бичвэрийн огт шинэ хэлбэр хэв маягийг бий болгосон зоримог, шинэлэг бүтээлүүдийнх нь төлөө” хэмээн онцолсон байна. Өдгөө 76 настай тэрбээр Нобелийн утга зохиолын шагналыг хүртэж буй 19 дэх эмэгтэй зохиолч болж, түүхэнд бичигдлээ.
Энн Карсон нь яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжиг, утга зохиолын шүүмж, эссэ болон орчуулгыг нэг дор маш өвөрмөцөөр хослуулдгаараа дэлхийн утга зохиолын ертөнцөд өндрөөр үнэлэгддэг. Түүний уран бүтээлийн оргил гэгддэг, эртний Грекийн домгийг орчин үеийн өсвөр насны хүүгийн амьдралтай холбон шүлгээр туурвисан "Autobiography of Red" (Улааны намтар, 1998) роман болон бүтэлгүйтсэн гэрлэлтийн тухай өгүүлэх "The Beauty of the Husband" (Нөхрийн гоо үзэсгэлэн, 2001) зэрэг бүтээлүүд нь уншигчдын дунд хэдийнэ танил болсон юм.
Нобелийн хорооны төлөөлөгч түүнд баярт мэдээг дуулгахаар залгах үед зохиолч Исландад аялж байжээ. Тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа "Би Исландын нэгэн толгод дээр салхины чимээ сонсоод зогсож байлаа. Шүүгчид намайг сонгосон нь үнэхээр галзуу хэрэг" хэмээн өөрийн өвөрмөц зангаар хошигнон хүлээж авсан байна.
Нобелийн шагнал гардуулах албан ёсны ёслол ирэх 12 дугаар сарын 10-ны өдөр Стокгольм хотноо зохион байгуулагдах бөгөөд шагналтнуудад диплом, алтан медаль болон 11 сая швед кроны мөнгөн шагнал дагалдах юм.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл




