Монголын уран сайхны “Овгор” киноны нээлтэд гэнэтийн зочноор оролцож үзэгчдийг гайхшруулсан БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин, “Super Junior” хамтлагийн гишүүн Чой Шивон (Choi Siwon) болон ахмад жүжигчин Сон Дон Ил (Sung Dong-il) нар манай улсад ирсэн жинхэнэ зорилгоо хуваалцлаа. Тэд манай "Овгор" кинонд тоглосон бус, харин өөрсдийнхөө шинэ кино төслийн зураг авалтыг Монголд хийхээр иржээ.
Тэд БНСУ-д тун удахгүй нээлтээ хийх "Forbidden Fairytale" (Хориотой үлгэр) хэмээх инээдмийн уран сайхны киноны зураг авалтын баг, 10 гаруй солонгос уран бүтээлчдийн хамтаар 10 дугаар сарын 1-ний өдөр манай улсад буусан байна. Энэхүү кинонд Чой Шивон, Сон Дон Ил, жүжигчин Пак Жи Хюн нар гол дүрүүдийг бүтээж байгаа бөгөөд киноны зарим чухал болон төгсгөлийн хэсгүүдийн зургийг Монголын онгон зэрлэг, үзэсгэлэнт байгальд авахаар сонгожээ.
Чой Шивон өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Монголд ирсэн сэтгэгдлээ фенүүдтэйгээ идэвхтэй хуваалцаж байна. Тэрбээр "Монголд ирж үзэх нь миний амьдралдаа заавал хийх зүйлсийн жагсаалт (Bucket list)-анд байсан, ирсэндээ маш их баяртай байна" хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн, Улаанбаатарт ирээд уламжлалт "Хот пот" (Hot pot) хоолны газарт орж үзсэн бөгөөд амьдралдаа анх удаа адууны мах амсаж үзсэн нь маш өвөрмөц мэдрэмж төрүүлсэн тухайгаа хөгжилтэйгөөр хуваалцсан байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл




