Dark Light
Урлаг соёл | 2026-10-15

БАТЗОРИГ ИХ БРИТАНИЙН АЛДАРТ ХҮРХРЭЭНИЙ ДЭРГЭД "ТЭСИЙН ГОЛЫН МАГТААЛ"-ЫГ ЭГШИГЛҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Дэлхийд алдартай хөөмийч Ваанчигийн Батзориг Их Британийн алдарт хүрхрээний хажууд "Тэсийн голын магтаал"-ыг эгшиглүүлж, нутгийн иргэдийг алмайруулжээ хэмээн Английн зүүн хойд хэсэгт орших Дарлингтон хотын The Northern Echo мэдээллээ.

Цахим орчинд сая сая хандалт авдаг, Монгол Улсын соёлын элч, нүүдэлчин соёлыг дэлхийд сурталчлагч, хөөмийч, морин хуурч Ваанчигийн Батзориг Монголоос 4000 гаруй милийн (6400 гаруй км) алс орших Их Британийн засаг захиргааны нэгж болох Дарем гүнлэгийн Барнард цайзын ойролцоо байрлах Тис (River Tees) голын "Хайн Форс" (High Force) хүрхрээн дээр очиж, хөөмийлж буй бичлэгээ цахим орчинд байршуулсан нь нутгийн иргэдийн талархлыг хүлээж, сошиалд шуугиан тарьж байна.

Аравдугаар сарын 14-ний үүрээр цахим сүлжээнд тавигдсан уг бичлэгт 70 футын (21 метр) өндөртэй, тухайн бүс нутгийн бэлгэдэл болсон үзэсгэлэнт хүрхрээний дэргэд В.Батзориг өөрийн хүчирхэг хоолойгоор "Тэсийн голын магтаал" дууг дуулж буй нь гардаг аж. Уг дуу нь Монгол Улсын баруун хойд бүсээр урсах Тэсийн голын тунгалаг урсгал, түүний байгалийн үзэсгэлэн болон нутгийн ард түмний соёлын нандин холбоог өгүүлдэг бөгөөд анх 2020 онд "Есөн эрдэнэ" (Nine Treasures) хамтлаг уламжлалт болон орчин үеийн хөгжмийн хэмнэлийг хослуулан гаргаж байжээ.

Өдгөө 49 настай, гурван хүүхдийн эцэг В.Батзориг нь дэлхийд алдартай "Хөсөгтөн" үндэсний хөгжмийн хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2014 онд уулын орой дээр морин хууртайгаа "Чингис хааны магтаал"-ыг хөөмийлж буй бичлэг нь Юүтүб сувагт 42 сая гаруй хандалт авснаар дэлхий дахинд танигдсан юм.

Тэрээр одоо Монгол хөөмийг гаргууд эзэмшсэн Нидерландын хөгжимчин Рован Ли Хартсуйкертэй хамтран Их Британи улсаар аялан тоглолт хийж байгаа аж. Тэд Лидс (Leeds) хот дахь тоглолтоо дуусгаад дараагийн зогсоол болох Эдинбург (Edinburgh) хотыг зорих замдаа Тис голын энэхүү алдартай байгалийн үзэсгэлэнт газарт саатан уг бичлэгийг хийжээ.

Тус бүс нутгийн иргэд дэлхийн хэмжээний уран бүтээлч тэдний нутагт зочилж, хүрхрээний чимээн дор хөөмийлсөнд маш их гайхаж, бахархаж буйгаа сэтгэгдлээрээ илэрхийлсэн байна. Нэгэн оршин суугч "Манай эх орны байгалийг бидэн шиг ингэж мэдэрч, таашааж байгаад маш их баяртай байна" гэсэн бол өөр нэгэн үзэгч "Энэ зэлүүд нутагт ийм гайхалтай зүйл үзнэ гэж санасангүй. Танд манай нутгийн байгаль таалагдсан гэж найдаж байна" хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Мөн Лидс хотод болсон тоглолтыг нь үзсэн Мидлсбро хотын иргэн тэднийг Тис голын эх сурвалж руу даган аялж, байгалийн сайхныг нь биширсэнд талархал илэрхийлсэн ажээ.

В.Батзориг одоо Их Британийн зүүн хойд бүсийг ардаа орхиж, Шотландын Эдинбург хотод дараагийн тоглолтоо хийхээр хүлгийн жолоо залсан агаад тоглолтын дэлгэрэнгүй хуваарийг түүний албан ёсны цахим хуудаснаас харах боломжтой хэмээн Их БРитанийн хэвлэл бичжээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10