Жүжигчин Пак Со Хам шинэ К-драмынхаа хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсгийг хуваалцлаа
Өмнө нь К-поп "KNK" хамтлагийн гишүүн байсан, өдгөө 33 нас хүрч буй жүжигчин Пак Со Хам болон "WJSŇ" хамтлагийн гишүүн, 31 настай жүжигчин Ким Жи Ён (Бона) нар хамтран "Dive into You" хэмээх зөгнөлт, хайр дурлалын шинэ цувралд тогложээ. Тус цувралд Өмнөд Солонгосын топ жүжигчин Юн Ха На (Ким Жи Ён) өөрийн багын найз бөгөөд бие хамгаалагч байсан Вүү Жэ (Пак Со Хам) нас барсны дараа цаг хугацаагаар аялуулах шидтэй видео камер олдог тухай өгүүлнэ. Камерын тусламжтайгаар тэрээр ихэр дүү Ха Рүтэйгээ хамт өнгөрсөн хугацаа руу буцах бөгөөд цаг хугацааны аялалаас үүдэж ихэр дүүтэйгээ бие нь солигддог байна. Тэд энэхүү ер бусын нөхцөл байдлыг ашиглан Вүү Жэгийн үхлийг зогсоож, түүнийг аврахаар тэмцдэг аж.

Жүжигчин Пак Со Хам "AsiaOne" агентлагт өгсөн ярилцлагадаа зураг авалтын үеэр өөрийг нь хамгийн их уйлуулсан сэтгэл хөдөлгөсөн хэсгийг дурджээ. Тэрээр хэлэхдээ, Вүү Жэ хоёр дахь удаагаа нас бардаг хэсгийн зураг авалт одоо ч миний сэтгэлд маш тод байдаг, Ким Жи Ён анхны хайраа нүдэн дээрээ дахин алдаж буй эмгэнэл, цөхрөлийг жүжиглэлтээрээ маш гайхалтай илэрхийлсэн тул би хэдийгээр үхсэн хүний дүр бүтээж, нүдээ аниад хэвтэж байсан ч түүний тэрхүү хүчтэй сэтгэл хөдлөлийг зүрхээрээ мэдэрсэн, нүдээ аниастай байхад л нулимс минь өөрийн эрхгүй хацрыг минь даган урсаж байсан хэмээн дурсжээ. Мөн тэрээр цувралд гардаг жүдо бөхийн тулааны хэсгүүд өмнө нь хэзээ ч хийж үзээгүй зүйл байсан тул сурахад хамгийн хэцүү байсныг онцолсон байна.


"Dive into You" цувралд Юн Ха-нагийн дүрд Ким Жи-ён
Нөгөөтэйгүүр, жүжигчин Ким Жи Ён зураг авалтын талбай тэр чигтээ "инээдээ барих тэмцээн" шиг л байсан хэмээн хөгжилтэйгөөр хуваалцжээ. Ялангуяа түүний биед эрэгтэй дүүгийнх нь сүнс/бие орчихсон үед Вүү Жэтэй болзож буй хэсгийн зураг авалт хамгийн хөгжилтэй байсан гэнэ. Тэрээр маш гоёмсог даашинз өмссөн хэрнээ эрэгтэй хүн шиг майга алхаагаар алхаж ирэхэд зураг авалтын багийнхан болон найруулагч бүгд инээдээ барьж чадалгүй тэсэрсэн байна. Жүжигчид эмэгтэй хүний биед орсон эрэгтэй хүний нарийн хөдөлгөөнийг гаргахын тулд зураг авалтын өмнө суух, алхах, тэр байтугай нулимсаа арчих хөдөлгөөнийг хүртэл хамтдаа олон удаа уншиж, бэлтгэл хийдэг байснаа хуваалцсан юм. "Dive into You" цувралыг өдгөө олон улсын "Viki" стриминг платформоор хүлээн авч үзэх боломжтой юм байна.
ТАТАР МАЙДАР




Урлаг соёл



