Сүүлийн жилүүдэд К-драмын ертөнцийг шуугиулж байсан жүжигчин Ким Жи Вон хоёр жилийн завсарлагааны дараа дэлгэцнээ эргэн ирж, эхний ангиараа л 2026 оны бүх дээд амжилтыг эвдэн хаялаа. Түүний гол дүрд нь тоглосон SBS телевизийн шинэ эмнэлгийн сэдэвт нуар драм болох "Doctor X: Mafia in White" кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийж, солонгосчуудыг зурагтынх нь өмнө уяж чаджээ.
Эхний ангиараа тогтоосон "Аймшигт" амжилтууд:
-
Бодит хугацааны хандалт: Кино цацагдаж эхэлсэн эхний цагтаа л солонгосын үзэгчдийн дунд 25.34%-ийн хандалт авч, энэ оны хамгийн өндөр үзүүлэлтийг шинэчлэв.
-
Үндэсний хэмжээнд: Нийт 11.4%-ийн үзэлттэйгээр өөрийн цаг үеийн нэвтрүүлгүүдийг тэргүүлсэн бөгөөд 2026 оны эхний ангиасаа шууд хоёр оронтой тоонд хүрсэн анхны солонгос сериал болжээ. Эхний ангийг шууд дамжуулалтаар 2.2 сая гаруй хүн зэрэг үзсэн байна.
Тансаг загвараас — Богино үс, энгийн төрх рүү
Өмнөх "Нулимсны хатан хаан" (Queen of Tears) кинонд Хон Хэ Ин гэх тэрбумтан бүсгүйн дүрийг чадварлаг бүтээж, дэлхийн супер брэндүүдийн гоёмсог хувцаслалтаар үзэгчдийн нүдийг хужирлаж байсан тэрээр энэ удаад тэс өөр өөрчлөлтийг хийжээ.
Ким Жи Вон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: "Ямар дүрээр эргэн ирэх вэ гэж удаан бодсон. Тэгээд энэ гайхалтай зохиолыг уншаад шууд зөвшөөрсөн. Сувдан (Ге Сү Жон) дүрийг гаргахын тулд үсээ богиносгож, өмнөх киноны гоёмсог чамин хэв маягийг бүрэн авч хаяж, хамгийн энгийн төрхийг гаргахыг хичээсэн" гэжээ.
"Doctor X: Mafia in White" киноны тухай
Японы олон бүлэгт алдартай "Doctor X" цувралаас сэдэвлэн бүтээсэн тус кинонд Ким Жи Вон нь эмнэлгийн систем дэх авлига, хууль бус улс төртэй ганцаараа тэмцдэг, этгээд зантай боловч гоц ухаантай мэс заслын эмч Ге Сү Жоны дүрийг бүтээдэг. Японы эх хувилбараас ялгаатай нь солонгос хэв маяг, хүний сэтгэлийн нандин драмын уур амьсгалыг илүү нэмж өгсөн гэдгийг найруулагч Ли Жон Рим онцолжээ.
Үзэгчдийн сэтгэгдэл: "Доктор Ким, Доктор Бэк-ийн дараах миний хайртай шинэ эмч!"
Кино шүүмжлэлийн MyDramaList платформ дээр одоогоор 10-аас 8.2 үнэлгээтэй явж байна. Үзэгчид Ким Жи Воны хэнээс ч айдаггүй, шударга, хурц зантай эмчийн дүрийг магтан сайшааж байгаа ч зарим үзэгчид киноны арын хөгжим (OST) нь Японы эх хувилбараа гүйцэхгүй, жаахан уйтгартай байна гэж шүүмжилжээ. Гэсэн хэдий ч солонгосын олон ангит кино сонирхогчид "Ким Жи Вон хэзээ ч фэнүүдээ гонсойлгодоггүй" хэмээн дараагийн ангийг тэсэн ядан хүлээж байна.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл




