Их Британийн Хааны зэвсгийн музейд “Чингис хаан” үзэсгэлэнг хаахаас өмнө Монголын нүүдэлчдийн соёлыг таниулах өдрүүд эхэллээ хэмээн South Leeds Life мэдээлж байна.
Их Британи улсын Лидс хот дахь Хааны зэвсгийн музей (Royal Armouries Museum) энэ оны аравдугаар сарын амралтын өдрүүдэд (10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-ний хооронд) гэр бүлүүдэд зориулсан Монголын талын нүүдэлчдийн соёлыг таниулах тусгай хөтөлбөрүүдийг зарлалаа.
Тус музейд гарч буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” (Genghis Khan: How the Mongols Changed the World) тусгай үзэсгэлэн ирэх 11 дүгээр сарын 1-ний өдөр хаагдах бөгөөд үүнээс өмнө үзэгчдэд Монголын түүх, соёлыг биеэр мэдрэх сүүлчийн боломжийг олгож байгаа юм.
Тусгай хөтөлбөрийн хүрээнд зохиогдох ажлууд:
-
Уламжлалт тоглоом наадгай: Үзэгчид Монголын уламжлалт шагайн харваа тоглоомыг биеэр тоглож үзэхээс гадна нүүдэлчдийн ялтсан хуяг дуулгатай (Lamellar armour) ойроос танилцах боломжтой.
-
Домог ба түүхэн жүжигчилсэн үзүүлбэр: Музейн зуны хөтөлбөрт Монгол морьтны үзүүлбэрүүд багтаж байсан бол энэ удаад Монгол бөөгийн тухай домог түүхийг сонсож, морьт цэргийн иж бүрэн зэвсэглэлийг бодитоор үзэх боломжтой.
-
Танин мэдэхүйн аялал: Хүүхдүүд "Бату" хэмээх Монгол элчийн дүрийг даган Ази, Африкийн танхимуудаар танин мэдэхүйн аялал хийнэ.
Музейн зүгээс “Талын түүхүүд” (Stories from the Steppe) нэвтрэх тасалбарыг үнэ төлбөргүй (10:00-16:00 цагийн хооронд) олгож байгаа ч эрэлт их байгаа тул урьдчилан захиалахыг зөвлөжээ. Харин “Чингис хаан” үндсэн үзэсгэлэнг үзэх тасалбар насанд хүрэгчдэд 7 фунт стерлингээс эхлэх бөгөөд хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх юм байна. Тус үзэсгэлэнд Монголын түүх соёлын ховор нандин 250 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа билээ
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



