Оросын хөгжмийн ертөнц болон олон нийтийн зүтгэлтэн, рэппер, хэт үндсэрхэг үзэлтэн, Украины дайн болон ОХУ-ын төр засгийн бодлогыг идэвхтэй дэмжигч Миша Маваши (жинхэнэ нэр нь Михаил Ниц) 41 насандаа золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа. Орос Украиныг эзлэн түрэмгийлж эхэлмэгц тэрээр ОХУ-ын зэвсэгт хүчний “цэргийн тусгай ажиллагаа” гэгчийг (СВО) анхнаас нь нээлттэй дэмжиж ирсэн нэгэн юм.
Зөвхөн үгээр дэмжээд зогсохгүй дайны бүсэд байгаа Оросын цэргүүдэд зориулж хандив, хүмүүнлэгийн тусламж цуглуулах, өөрөө биечлэн дайны бүсэд очиж тусламж хүргэх ажлыг тогтмол зохион байгуулдаг байв. Дайныг эсэргүүцэж, Оросоос явсан уран бүтээлчдийг (жишээ нь рок дуучин Андрей Макаревич) маш хатуу шүүмжилж, тэдний Орос дахь тоглолтуудыг цуцлуулах ажлыг сошиалаар уриалж, зохион байгуулж байсан удаатай.
Түүний үүсгэн байгуулсан "Северный человек" (Умардын хүн) хөдөлгөөн нь Орос дахь славян үндэстнүүдийг нэгтгэх, цагаачид болон бусад үндэстний диаспора (бүлгэм)-уудын эсрэг тэмцэх зорилготой байв. Энэ утгаараа тэрээр Кремлийн зарим дотоод бодлогыг (жишээ нь цагаачдын хяналтыг сул байна гэж) шүүмжилдэг байсан ч Путины ерөнхий "Агуу Орос улс"-ыг сэргээх геополитикийн бодлогыг нь маш өндрөөр үнэлж, магтдаг байжээ.
Түүний албан ёсны цахим хуудсууд болон хамтран зүтгэгчдийнх нь мэдээлснээр, хэрэг явдал аравдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гарсан байна. Рэппер гэртээ байхдаа галт зэвсгийн шарх авсан бөгөөд яаралтай түргэн тусламжаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн ч эмч нар хэт их цус алдалтыг зогсоож, амийг нь аварч чадаагүй байна.
Түүний төлөөлөгч болон ар гэрийнхний албан ёсны мэдэгдэлд үхлийн шалтгааныг халдлага эсвэл амиа хорлолт гэж нэрлээгүй, зөвхөн "золгүй тохиолдол" (несчастный случай) гэж тодотгож байна. Энэ нь галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсанаас үүдсэн байх магадлал өндөр гэсэн таамгийг төрүүлж байгаа юм.
"Baza", "Mash" зэрэг Оросын эрэн сурвалжлах чиглэлийн сувгуудын мэдээлснээр тэрээр гэртээ байхдаа шархадсан бөгөөд гадны халдлага орж ирсэн гэх ямар нэгэн баримт одоогоор алга байна.
Цагдаагийн болон хэргийн газрыг шалгах мөрдөн байцаагчид тухайн үед юу болсныг (тэр өөрөө зэвсгээ цэвэрлэж байгаад алдсан уу, эсвэл өөр шалтгаан байсан уу) нарийвчлан шалгаж байна. Одоогоор "аллага" эсхүл “амиай хорлолт” гэж үзэх шууд үндэслэл албан ёсоор зарлагдаагүй байгаа юм.
ТАТАР МАЙДАР





Урлаг соёл


