Сильвестр Сталлоне өөрийн хит цуврал болох Tulsa King-д төрсөн охиноо тоглуулахаар сонгосон шийдвэрээ өмгөөлөн мэдэгдэл хийлээ.
Сталлонегийн охин Скарлет Роуз Сталлоне (Scarlet Rose Stallone) тус цувралд Спенсерийн (Spencer) дүрийг бүтээж, түүнтэй хамтран тоглодог бөгөөд 4 дүгээр бүлэгт түүний дүр улам томорч, дэлгэцнээ олонтоо гарах болно гэж Variety сэтгүүл мэдээлсэн байна.
Саяхан Сталлоне охинд нь давуу тал байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнийг дүрд сонгогдсонд эргэлзэж, шүүмжилж буй хүмүүст хатуухан хариу барьжээ.
"Хүмүүс хамгийн түрүүнд 'Танил тал харах бол аймшигтай зүйл' гэж шүүмжилдэг" хэмээн тэрбээр USA Today сонинд ярьжээ. "Би тэдэнд 'Өө гуйж байна, хэрэв та хүүхдийнхээ төлөө өчүүхэн ч гэсэн танил талын давуу тал ашиглаж үзээгүй бол сайн эцэг эх биш байна гэсэн үг. Тэгвэл та хүүхдүүддээ үнэхээр анхаарал тавьдаггүй юм байна, учир нь тэд үргэлж нэгдүгээрт тавигдах ёстой' гэж хэлсэн".
Тэрбээр үргэлжлүүлэн "Энэ чинь танил талдаа тал тохой татсан хэрэг мөн үү гэвэл мэдээж мөн, тэнэг минь. Тийм учраас л бид эцэг эх хүмүүс шүү дээ. Бид хүүхдүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг л хүсдэг. Тиймээс мэдээж бид тэдэнд бүхий л боломж, давуу талыг олгоно" гэж нэмж хэлсэн байна.
Өөрийнх нь карьер охиндоо уг дүрийг авахад тусалсан байж болох ч, Скарлет цаашид өөрийгөө ямар жүжигчин бэ гэдгээ батлан харуулах шаардлагатай гэж Сталлоне тайлбарлав.
"Тэд тэрхүү өндөр түвшний чадварыг цаашид хадгалж чадах уу? Энэ бол бидний мэдэх хэрэг биш, биднээс хамаарахгүй зүйл" гэдгийг тэрбээр тэмдэглэв. "Гэхдээ хэрэв та үүдийг нь нээж өгч чадвал, тэд тэр хаалгаар алхаж орох чадвартай эсэхийг нь бид харах болно. Магадгүй дараа нь 'Одоо би эндээс яаж гарах вэ?' гэдэг асуулт ч гарч ирж болно. Юу хүсэж байгаадаа маш болгоомжтой хандаарай" гэжээ.
"Талса Кинг" цувралд Сильвестр Сталлоне шоронд 25 жил хоригдсоныхоо дараа Оклахома мужийн Талса хот руу цөлөгдсөн мафийн толгойлогч Дуайт 'Генерал' Манфредигийн (Dwight 'The General' Manfredi) дүрийг бүтээдэг юм.
Цувралын 1 дүгээр бүлэгт анх танилцуулагдсан Скарлет Роузын дүр нь 4 дүгээр бүлэгт "Феннарио" (Fennario) ранчод морь маллагч, жүчээний ажилтан болсон хуучин бариста охины дүрээр эргэн ирж байгаа ажээ.
Уг цувралын 4 дүгээр бүлгийн нээлт саяхан буюу 10 дугаар сарын 16-ны өдөр болсон байна.
ТАТАР МАЙДАР





Урлаг соёл



