Ирэх жил Минск хотноо Монгол Улсын соёлын өдрүүдийг, харин Улаанбаатар хотноо Беларусь Улсын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай Беларусийн Их театрын тайзнаа болсон Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын «Монголын сайхан орон» тоглолтын өмнө Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан сэтгүүлчдэд мэдээллээ.
Сайд асуултад хариулахдаа: «Ирэх жил бид Минск болон Улаанбаатар хотуудад соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулахаар төлөвлөж байна» хэмээн баталсан юм.
Түүнчлэн тэрбээр Беларусийн үзэгчдэд толилуулсан «Үзэсгэлэнт Монгол орноор» тоглолт нь нүүдэлчдийн соёл, Төв Азийн орнуудын онцлог, Монгол Улсын соёлын өвийг таниулах ач холбогдолтойг тэмдэглээд, «Төрийн айлчлалын хүрээнд манай Ерөнхийлөгч урлаг соёлын баг хамт олноо үргэлж дагуулж явдаг. Энэхүү тоглолтод манай соёл урлагийн шилдэг сонгодог, үндэсний болон бүжгийн жүжгийн дээжис цугларсан» хэмээн нэмж дурдлаа.
Беларусийн нийслэлийн талаарх сэтгэгдэл:
Сайд Ж.Алдаржавхлан Беларусийн нийслэл хотод зочилсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа Минск хотыг маш үзэсгэлэнтэй, тайван бөгөөд зөв зохион байгуулалттай хот хэмээн сайшаав. «Энэхүү геополитикийн амаргүй нөхцөл байдалд эндхийн хүмүүс маш найрсаг, тайван байна. Та бүхэн өөрийн соёл, улс орноо нандигнан хамгаалж, энэхүү амгалан тайван байдлаа хадгалж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Өдгөө дэлхий дахинд Минск шиг ийм тайван, үзэсгэлэнтэй, сайн тохижуулсан хотыг олоход бэрх билээ. Беларусийн ард түмэнд аз жаргал хүсье» хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын тоглолт, мөн морин хуур болон монголын гэрэл зургийн үзэсгэлэн нь Бүгд Найрамдах Беларусь Улс дахь Монголын соёлын өдрүүдийн нэг хэсэг бөгөөд эдгээр арга хэмжээ нь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
ТАТАР МАЙДАР




Урлаг соёл



