Dark Light
Урлаг соёл | 2026-10-27

“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ МИНСК ХОТНОО ТОЛИЛУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Минск хотноо “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж, Беларусь Улсын Дуурь, балетын их театрт Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилуулсан юм.
 
Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, олон нийт үзэж сонирхлоо.
 
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаажээ.
 
Беларусийн сонгодог урлагийн төв болон хөгжиж буй Дуурь, балетын их театр нь 1939 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд театрын тайзнаа Беларусийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна “Хунт нуур”, “Щелкунчик” зэрэг дэлхийн сонгодог дуурь, балетын бүтээлүүдийг тогтмол толилуулдаг байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Болдын Сэргэлэнгийн хэлснээр, энэхүү тоглолт нь беларусьчуудад барьж буй сэтгэлийн нандин бэлэг бөгөөд хөтөлбөрт монгол ардын уртын дуу, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Жамбалын Мэнд-Амарын хөгжим, ардын богино дуу, «Аягатай бүжиг» зэрэг багтсанаас гадна монгол уран бүтээлчдийн беларусь хэлээр дуулсан гэнэтийн бэлэг байсан нь үзэгчдийн талархлыг ихээхэн хүлээсэн байна.
 
Б.Сэргэлэн зөвлөх хэлэхдээ, тус тоглолт нь беларусь үзэгчдэд Монгол орноор аялж, уран нарийн соёл урлагийг нь биеэр мэдрэх шиг сэтгэгдэл төрүүлснийг дурдаад, «Төрийн анхны түүхэн айлчлалын хүрээнд манай соёлын арга хэмжээ Беларусийн Үндэсний академийн Дуурь бүжгийн эрдмийн Их театрт зохион байгуулагдаж байгаад туйлын баяртай байна. "Үзэсгэлэнт Монгол орноор" тоглолт үзэгчдэд бүрэн дүүрэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна» хэмээв.
 
Хоёр орны хооронд соёл урлаг, хамтын ажиллагаа болон найрамдлын шинэ эрин үе нээгдэж байгааг тэрбээр онцлоод: «Соёл урлаг бол хоёр орны ард түмнийг холбодог хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ойлгомжтой гүүр юм. Энэ нь биднийг бие биеэ илүүтэй ойлгож, хүндэтгэж, хайрлан хамгаалахад тусалдаг. Өдгөө дэлхийн улс төрийн нөхцөл байдал амаргүй, дайн самуун, зовлон зүдгүүр байгаа хэдий ч баяр баясал бас бий. Соёл урлаг нь биднийг бие биеэ дэмжиж, дэлхий дахинд энх тайвныг хадгалж үлдэх гол тулгуур багана болно гэдэгт найдаж байна» гэж тэмдэглэлээ.
 
Түүнчлэн Беларусийн Их театрын фойед Монголын үндэсний хөгжмийн зэмсэг болох морин хуурын үзэсгэлэн болон Монгол орны байгаль, ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн олны хүртээл болгосон байна. Эдгээр үзэсгэлэн болон хүндэтгэлийн тоглолт нь Беларусь Улс дахь Монголын соёлын өдрүүдийн гол цөм хэсэг бөгөөд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн албан ёсны түүхэн айлчлалын хүрээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10