Германы нэр хүндтэй хэвлэл Deutsche Welle (DW) агентлагийн соёлын сэтгүүлч Элизабет Грениэрийн 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тусгайлан бэлтгэж нийтлүүлсэн "Чингис хаан: Дэлхийн түүхийн урсгалыг өөрчилсөн байлдан дагуулагч" нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том газар нутагтай эх газрын эзэнт гүрэн Евразийн асар уудам нутаг дэвсгэрийг нэгтгэсэн хэдий ч өөрийн араас сая сая хохирогчдыг үлдээсэн юм. Берлинд нээгдсэн үзэсгэлэн Чингис хааны үлдээсэн өв соёлыг найман зууны дараа эргэн тольдож байна.
Чингис хаан бол дэлхийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий бөгөөд хамгийн их зөрчилтэй бие хүмүүсийн нэг билээ. Түүний аян дайн, байлдан дагуулалтын улмаас янз бүрийн тооцооллоор 40 сая хүртэлх хүн амь үрэгдсэн гэж үздэг (үүнд монголчуудын довтолгооны шууд хохирол болон дайны дараах өлсгөлөн, халдварт өвчин, дэд бүтцийн сүйрэл, бүс нутгуудын урт хугацааны уналтаас үүдэлтэй шууд бус хохирлууд аль аль нь хамаарна). Гэхдээ тэрээр үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эх газрын эзэнт гүрнийг байгуулж чадсан алсын хараатай улс төрийн сэтгэгч байсан юм.
Монголын эзэнт гүрнийг үндэслэгч тэрээр 1227 онд таалал төгссөн. Монголчуудын агуу хаан таалал төгссөний 800 жилийн ойн босгон дээр Берлин хотын Жеймс Симоны галерей (James-Simon-Galerie) түүний үлдээсэн өв болон 1250–1350 оныг хамарсан "Монголын зуун"-ыг "Чингис хаан ба монголчуудын ертөнц" хэмээх үзэсгэлэнгээрээ дамжуулан судалж байна.
Эзэнт гүрнүүд хэр хурдан үгүй болж болдгийн жишээ
Энэхүү удирдагч нь өнөөдөр ч "итгэхийн аргагүй өндөр ач холбогдолтой" хэвээр байна гэж үзэсгэлэнгийн төслийн удирдагч Маттиас Вемхофф (Matthias Wemhoff) ярьж байна. "Чингис хааны эрин үе буюу хэрэв хүсвэл 'монголын зуун' гэж нэрлэж болох тэр цаг хугацаа нь урьд өмнө нь тогтсон байсан бүтэц системүүд хэр хурдан нурж, асар том гүрнүүд газрын зургаас хэрхэн гэнэт арчигдаж, дэлхийн дэг журам хэр радикаль хэлбэрээр өөрчлөгдөж болдгийг бэлхнээ харуулдаг" хэмээн археологич эр DW агентлагт өгүүлжээ.
Вемхоффийн хэлснээр, энэхүү гарамгай удирдагчийн дэлхий дахинд үзүүлсэн урьд хожид байгаагүй нөлөө нь нийгэмд огцом бөгөөд тааварлашгүй өөрчлөлтүүдийг авчирдаг орчин үеийн тод бие хүмүүсийг санагдуулдаг аж. "Дэлхийн улс төрийг тухайн нэг хувь хүн тодорхойлдог уу, эсвэл бүлэг хүмүүс болон социологийн үйл явцууд шийддэг үү гэдэг асуулт үргэлж байсаар ирсэн. Энэ тохиолдолд хариулт нь маш тодорхой байна" гэж музейн захирал бөгөөд 2026 онд хэвлэгдсэн нүүдэлчин удирдагчийн тухай номын хамтран зохиогч тэрээр үзэж байна.
"Хэрэв Чингис хаан байгаагүй бол дэлхийн түүхийн урсгал үнэхээр огт өөрөөр эргэх байсан. Түүхийн дэндүү олон үйл явдал яг түүний хувь хүнтэй салшгүй холбоотой байдаг" гэж Вемхофф хэлэв.
Түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг үндэслэгч
Чингис хаан ойролцоогоор 1162 онд Тэмүүжин нэртэйгээр мэндэлжээ. Түүний эцэг, монголын овог аймгийн удирдагч Есүхэй баатар хүүг хүүхэд байхад нь насан эцэслэсэн юм. Овог аймаг нь түүний гэр бүлийг дэмжлэггүйгээр хээр хаясан байдаг. Гэр бүл дэх өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд Тэмүүжин өсвөр насандаа эцэг нэгтэй ах Бэхтөрийг хөнөөжээ.
Өөрийн төрөлх удирдах чадвар, харизмынхаа ачаар тэрээр бусадтай холбоотон болж, талын монголчуудын цорын ганц удирдагч болоход нь тусалсан дэмжигчдийг өөртөө татаж чадсан юм. Улмаар 1206 онд тэрээр Чингис хаан цолыг албан ёсоор хүртжээ.
Хүчин чадлынхаа оргил үед Монголын эзэнт гүрэн ойролцоогоор 24 сая квадрат километр газар нутгийг эзэлж, Хятад, Солонгосоос эхлээд Зүүн Европ, Ойрхи Дорнодын тодорхой хэсэг хүртэл үргэлжилж, дэлхийн нийт хуурай газрын 16 гаруй хувийг хяналтандаа байлгаж байв.
Вемхофф түүний засаглалын үеийн олон янзын шинэчлэлтүүдийг дурджээ. Юун түрүүнд Чингис хаан цэргийн хэргийг бүрэн шинэчилсэн. Цэргийн дарга нар аристократ гарал үүсэл, язгуур угсаа эсвэл овгийн холбоо сүлбээгээр бус, зөвхөн өөрийн авьяас чадвар, сахилга бат, үнэнч байдлынхаа ачаар тушаал дэвшдэг байв. Цэргийн хүчийг аравтын системээр буюу 10, 100, 1000, 10,000 хүнтэй ангиудад хуваан зохион байгуулжээ.
Чингис хаан өөрөө бичиг үсэг мэддэггүй байсан байх магадлалтай ч монгол хэлний анхны бичиг үсгийн тогтолцоог (уйгаржин монгол бичиг) бий болгоход хүчтэй нөлөөлсөн нь төрийн албыг хөгжүүлэх, хүн ам ба татварын бүртгэл хөтлөх, зарлиг тунхаг гаргах, шүүхийн шийдвэр гаргах болон дипломат харилцааг өрнүүлэх боломжийг олгосон байна. Түүнчлэн таруу бутархай овгуудын зан заншлыг орлох хууль эрх зүйн нэгдсэн систем болох Их Засаг хуулийг баталжээ.
Цаасан мөнгийг гүйлгээнд нэвтрүүлснээр худалдаа арилжааг хялбарчилсан байна. Монголын эзэнт гүрэн даяар шашны эрх чөлөөний бодлогыг тогтоож, хүн бүр төрийн албадлагагүйгээр өөрийн хүссэн шашин шүтлэгийг шүтэх эрхийг нээжээ.
Монголын эзэнт гүрэн үүсэхээс өмнө Агуу Торгоны зам нь орон нутгийн мөргөлдөөн, өндөр татвараас болоод тасархай, хуваагдмал байдалтай байсан юм. Харин монголчуудын засаглал энэхүү замыг бүхэлд нь нэг удирдлагад нэгтгэж, алс холын аялал жуулчлалыг харьцангуй аюулгүй болгожээ. Монголын эзэнт гүрэн нь улс төрийн харьцангуй тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, соёлын солилцооны үе гэдгээрээ түүхэнд үлдсэн бөгөөд судлаачид үүнийг "Pax Mongolica" ("Монголын амар амгалан") гэж нэрлэдэг.
Гэвч Вемхоффын онцолсноор, "энэ бүхэн нь урьд хожид үзэгдээгүй асар их хэрцгийлэлтэй зэрэгцэн өрнөсөн юм. Сая сая хүмүүс монголчуудын гарт амь үрэгдсэн. Олноор нь цаазлах, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал дэлхий дахины урьд өмнө үзээгүй тийм хэмжээнд үйлдэгдэж байв".
Хүчний төвүүдийн шилжилт хөдөлгөөн
Үзэсгэлэн нь Чингис хааныг таалал төгссөнөөс хойш, орчин үеийн Берлин хотоос ердөө 260 километрийн зайд болсон нэгэн дайралтын тухай өгүүлэмжээр эхэлдэг. Энэ бол 1241 оны Польшийн Силези нутагт болсон Лигницийн тулалдаан юм. Энэхүү тулалдаан нь монголчуудын цэргийн тактикийн үр ашигтай байдал болон хэрцгий чанарын хамгийн тод жишээ болдог.
"Тэнд жижиг биетэй морьд унасан, хөнгөн хуяг дуулгатай, нүүр нь ил гарсан дуулга өмссөн, минутанд хорь ба түүнээс олон сум тавих чадалтай нумаар зэвсэглэсэн маш хурдан, хөдөлгөөнтэй монгол цэргүүд гарч ирсэн" гэж Вемхофф ярив. Хүнд хуяг дуулгаар өвч хуяглагдсан, том биетэй дайны морьд унасан Европын баатаруудад (рыцариуд) ийм дайсны эсрэг зогсох ямар ч боломж байгаагүй юм.
"Түүнчлэн тэдэн дээр суман мөндөр буух үед морьд нь эрт орой хэзээ нэгэн цагт унаж, рыцариуд газарт нуруугаараа харуулан, яг л цох хорхой шиг хөлбөрөн үлддэг байв. Дайн хийх энэхүү хоёр өөр арга барил хоорондоо огт нийцээгүй юм" гэж тэрээр нэмж хэллээ.
Монголчуудын баруун зүгт хийсэн аян дайн түүхэн дэх хүчний төвүүдийг өөрчилсөн бөгөөд үүний үр дагавар өнөөг хүртэл дэлхийн улс төрд мэдрэгдсээр байна. Тухайлбал, Дундад зууны үеийн зүүн славяны хамгийн том улсуудын нэг болох Киевийн Русь руу монголчууд довтолсны дараа түүний цэцэглэн хөгжиж байсан нийслэл Киев хот бараг хүн амгүй балгас болон үлджээ. Харин Москва хот цаг хугацааны явцад бүс нутгийн чухал хүчний төв болон хувирсан бөгөөд үүнд түүний монгол хаадтай тогтоосон харилцаа нь бусад хүчин зүйлсийн адил нөлөөлсөн юм.
"Манай Баруун Европын хамтын ой санамжид монголчуудын довтолгоо бараг ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй. Энэ бол зүгээр л түүхийн нэг жижиг хэсэг мэт санагддаг" гэж Вемхофф тэмдэглээд, Баруун Европын орнуудын сургуулийн стандарт хөтөлбөрт Чингис хаан болон түүний залгамжлагчдын эрин үеийг бараг дурддаггүй болохыг хэлэв.
Ихэнх германчууд энэхүү эзэнт гүрнийг үндэслэгчийн нэрийг 1979 оны "Eurovision" тэмцээнд Баруун Германыг төлөөлөн оролцож, ижил нэртэй дуу дуулсан "Dschingis Khan" поп хамтлагийн ачаар л мэддэг бөгөөд уг дуу нь түүхийн нарийн төвөгтэй сэдвийг зөвхөн хэвшмэл хэдэн өнгө төрхөд хуваан буулгасан байдаг.
Гэвч Зүүн Европт монголчуудын байлдан дагуулалт "бүх зүйлийг бүрмөсөн өөрчилсөн" гэж Вемхофф хэллээ. Тэрхүү үйл явдлын үр дагавар, археологичийн үзэж байгаагаар, өнөөг хүртэл мэдрэгдсээр байна.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл




