Өмнөд Солонгосын алдартай цуврал "Signal" (2016)-ын үргэлжлэл болох "Second Signal" драмын анхны анги ирэх 12 дугаар сарын 7-нд цацагдана гэсэн мэдээлэл гараад байсан ч өргөн нэвтрүүлгийн tvN сувгаас үүнийг албан ёсоор үгүйсгэж, "Одоогоор юу ч батлагдаагүй байна" гэсэн тайлбар өглөө. Ингэснээр тус киноны нээлтийн хугацаа дахин тодорхойгүй байдалд орж байна.
Тус цуврал нь анх tvN сувгийн 20 жилийн ойд зориулан энэ оны 6 дугаар сард цацагдахаар төлөвлөгдөж байсан ч гол дүрийн жүжигчинтэй холбоотой дуулианы улмаас хойшлогдсон юм.
Жүжигчин Жу Жин Вун тойрсон дуулиан
Цувралын нээлт хойшлох болсон гол шалтгаан нь гол дүрийн жүжигчин Жу Жин Вуны (Jo Jin Woong) өсвөр насны хэрэг төвөгтэй холбоотой юм. Солонгосын "Dispatch" агентлагийн мэдээлснээр, түүнийг өсвөр насандаа дээрэм, танхай, бэлгийн хүчирхийллийн хэргээр насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хүмүүжиж байсан гэх мэдээлэл цацагджээ. Түүний харьяалагддаг агентлаг нь насанд хүрээгүй байхдаа гаргасан зарим алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрсөн ч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэсгийг эрс үгүйсгэсэн байна. Улмаар маргааш нь жүжигчин Жу Жин Вун өөрөө олон нийтээс уучлалт гуйж, жүжигчний карьераа бүрмөсөн орхиж буйгаа зарласан билээ.
"Signal" цувралын нэгдүгээр бүлэгт шударга мөрдөгчийн дүр бүтээсэн жүжигчний бодит амьдрал дээрх өнгөрсөн түүх ийнхүү ил болсон нь үзэгчдийг асар их цочролд оруулсан юм. Кино багийнхан "Second Signal" цувралын зураг авалтыг хэдийнэ 2025 оны 8 дугаар сард бүрэн дуусгачихсан байсан тул олон нийтийн зүгээс харамсах хандлага улам ихэссэн байна.
Үзэгдэл хасах уу, эсвэл хэвээр үлдээх үү?
Одоогийн байдлаар кино шүүмжлэгчид болон салбарынхан тус цувралыг Жу Жин Вуны тоглосон хэсгүүдийг "бүрэн хасахгүйгээр" цацах байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Учир нь тэрээр кинонд асар чухал үүрэг гүйцэтгэдэг тул түүний дүр зураг, дуу хоолойг хасах нь бусад гол дүрийн жүжигчид болон зохиолын ерөнхий бүтцийг бүхэлд нь нураахад хүргэх эрсдэлтэй юм. Гэвч үйлдвэрлэгч болон найруулагчийн багийнхан үүн дээр ямар нэгэн эцсийн албан ёсны шийдвэр гаргаагүй байна.
Энэхүү хүлээлт үүсгэсэн цувралд Жу Жин Вуноос гадна нэгдүгээр бүлгийн гол баатрууд болох алдартай жүжигчин Ким Хе Сү (Kim Hye Soo), Ли Жэ Хүн (Lee Je Hoon) нар эргэн ирж тоглосон юм.
ТАТАР МАЙДАР




Урлаг соёл





