Солонгос драмын амжилтыг давж, "J-content" шинэ урсгалыг дэлхийд тунхаглана хэмээн япончууд мэдэгдэв.
TBS Holdings-ийн Глобал бизнесийн хэлтсийн гүйцэтгэх албан тушаалтан Сэтогүчи Кацүаки өдгөө солонгос соёл, К-контент дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болно гэдгийг урьдчилан таамаглаж чадаагүй нь "ичмээр хэрэг" гэдгээ хүлээн зөвшөөрөв.
Америкийн энтертайнмент салбарын тэргүүлэх хэвлэл Варайэти (Variety) сэтгүүлийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаарт мэдээлснээр, алдарт "Нинжа Дайчин" (Ninja Warrior/Sasuke) шоуг бүтээгч Японы TBS (Tokyo Broadcasting System) медиа групп Холливудын "Legendary Entertainment" болон Өмнөд Солонгосын "CJ ENM" зэрэг дэлхийн гигантуудтай стратегийн томоохон холбоо тогтоож, К-драма (K-drama) шиг дэлхийг шуугиулах "Жэй-контент" (J-content) хэмээх шинэ төрөл, урсгалыг бие даан гаргаж ирэхээр ажиллаж байна.

Setoguchi Katsuaki
Токиогийн олон улсын кино наадмын үеэр зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үеэр TBS Группийн Глобал бизнесийн хэлтсийн гүйцэтгэх захирал Сэтогүчи Кацүаки сонирхолтой дүгнэлт хуваалцжээ. Тэрээр 20 жилийн өмнө Солонгос, Японы студиудын продакшны чадавхыг харьцуулж байснаа дурдаад, эдүгээ К-контент дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болно гэдгийг урьдчилан тааварлаж чадаагүй дээ өөрөөсөө ичиж байна хэмээн нээлттэй хүлээн зөвшөөрсөн юм. Тэгвэл түүний одоогийн гол зорилго нь зөвхөн TBS-д ашиг олох бус, Японы контентыг дэлхий даяар яг үүн шиг түгээж, шинэ жанр тунхаглах явдал гэжээ.
Үүний тулд TBS Групп энэ оны эхээр Холливудын "Legendary Entertainment" студид 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тэд Японы манга, аниме, романуудыг дэлхийн зах зээлд зориулан бүрэн хэмжээний уран сайхны кино (live-action) болгон хөрвүүлэхэд "соёлын орчуулагч"-ийн үүргийг гүйцэтгэх юм байна. Мөн Азийн зах зээлийг чиглэж Өмнөд Солонгосын "CJ ENM" болон Японы "U-Next" стриминг платформтой хамтран "Studio Monowa" хэмээх хамтарсан студи байгуулж, дэлхийн стандартад нийцсэн шинэ IP (оюуны өмч) бүтээлүүд дээр ажиллаж эхэлжээ.
Японы энтертайнмент форматыг дэлхийд экспортлох гол загвар нь 170 гаруй оронд цацагдаж, 25 улсад албан ёсны хувилбараа гаргасан "Sasuke: Ninja Warrior" шоу болоод байна. Энэхүү шоуны амжилтад тулгуурлан скейтбордын соёлд суурилсан "Kasso" хэмээх шинэ форматыг АНУ, Хятадад гаргахаар бэлтгэж буй бөгөөд "Alice in Borderland" цувралыг бүтээсэн тэдний "The Seven" студи 2030, цаашлаад 2040 он хүртэл дэлхий нийтийг байлдан дагуулах дараагийн томоохон бүтээлүүдийг гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
ТАТАР МАЙДАР




Урлаг соёл




