Энэтхэгийн тусгаар тогтнолын бэлгэдэл болсон "Ванде Матарам" хэмээх үндэсний дууны 150 жилийн ойг тохиолдуулан тус улсын Махараштра мужийн ардын бүжгийн алдарт “Maharashtra” буюу "Шри Бирудев Гажнрутя Навювак Мандал" хамтлаг 2026 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад соёлын аялан тоглолт хийж байна. Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн (ICCR) дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх зорилготой бөгөөд урилгаар ирсэн бүжигчдийн нээлтийн тоглолт Улаанбаатар хотын Улсын Филармонийн тайзнаа амжилттай боллоо.
Нээлтийн үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Гоцурве хоёр орны түүхэн хэлхээ холбоог онцолж, Энэтхэг, Монгол улсууд бол Буддын шашнаар дамжсан соёл иргэншлийн гүнзгий хэлхээ холбоотой "Стратегийн түншүүд төдийгүй оюун санааны ахан дүүс" хэмээн тодорхойлжээ. Мөн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нар хүндэт зочноор оролцож, газар зүйн хувьд алс хол ч соёл, шашин, үнэт зүйлээрээ олон зууны турш салшгүй холбоотой байсаар ирснийг тэмдэглэв.
Аялан тоглолтын хүрээнд Энэтхэгийн уран бүтээлчид Ганеш бурханд зориулсан "Ганеш Вандана" мөргөлийн бүжиг, Васудевийн үзүүлбэр, тариаланчдын "Шеткари Нритю", эмэгтэйчүүдийн эрч хүчтэй "Лавани Нритю", "Лежим" хөгжмийн зэмсэгтэй бүжиг болон загасчдын "Коли Нритю" зэрэг Махараштра мужийн баялаг өв уламжлалыг харуулсан уламжлалт ардын бүжгүүдээ толилуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна. Энэтхэгийн соёлын баг бүрэлдэхүүн Монголд байх хугацаандаа Үндэсний батлан хамгаалахын их сургууль, ШУТИС, Дотоод хэргийн их сургууль, Налайх дүүргийн Соёлын төв болон Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж зэрэг хэд хэдэн байгууллагуудаар зочлон тоглолтоо үргэлжлүүлэн толилуулах юм.
Энэхүү тоглолтын үеэр үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан Лавани бүжгийн тухайд энэ нь Энэтхэгийн Махараштра мужийн хөгжмийн алдартай нэгэн төрөл зүйл юм. Лавани нь уламжлалт дуу, бүжгийн төгс хослол бөгөөд ялангуяа цохивор хөгжмийн зэмсэг болох дхолки бөмбөрийн хэмнэлд тааруулан бүжиглэдэг онцлогтой. Энэхүү бүжиг нь маш хүчтэй, эрч хүчтэй хэмнэлээрээ алдартай бөгөөд Марати үндэстний ардын театрын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Махараштра болон Мадхья Прадеш мужийн өмнөд хэсэгт тус бүжгийг эмэгтэй бүжигчид Лугаде гэж нэрлэдэг есөн ярд урт уламжлалт сари хувцас өмсөн, маш хурдан хэмнэлтэй дууны аян дээр гүйцэтгэдэг байна.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл





