Фото зургийг | Б.БАТТӨГС
Эрдэнэтчүүддээ өргөн барьж буй "CuMo Arena" цогцолборын нээлтийн ээлжит сюрприз задарлаа. Монголын поп урлагийн хойморт 31 жил замнаж, үе үеийн залуусын сэтгэл зүрхэнд олон хит дуугаараа хөг нэмж ирсэн алдарт Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Болдын “Хайрын хүч” бүрэн хэмжээний тоглолт энэ удаа "CuMo Arena"-д толилууллаа. Түүний фенүүд, Эрдэнэтчүүд 2000 суудалтай "CuMo Arena" цогцолборын уужим танхимд битүү цуглаж, бүх цаг үеийн хит дууны аялгуунд хамтдаа цэнгэхээр, доргихоор сэтгэл догдлон ирсэн нь илт. Энэ л уур амьсгал Эрдэнэсийн хотын хамгийн том, сүүлийн үеийн соёл, спортын "CuMo Arena" цогцолборын танхимыг тэр чигт нь доргиож, залуу насны эрт урдын дурдатгал хийгээд, одоо цагийн омогшил цэнгэлд аялуулан саатуулах онцгой үдшийг бүтээж буй гэлтэй.
Үзэгчдийн бяцхан хүлээлтээс үүдсэн алга ташилт, уухайн чимээтэй зэрэгцээд "Хайрын хүч" тоглолт эхлэв. Зочин артист Quiza тоглолтыг нээж, "Хэн ч биш байхаас Хэн нэгэн бай, Хэн нэгэн байхаас Хэзээ ч бүү ай…" гэсээр анхны дуугаа дуулахад үзэгчид даган дуулж, анхнаасаа доргио үдэш ингэж нээгдэв.

1986 оны сургуулийн сурагч бяцхан хүүгээс 31 давхар Камертон гэдэг байшин, 21 давхар “Хайрын хүч”-ийг түгээсэн түүх дэлгэцэд хөвөрч, тайзнаа хийл хөгжмийн аялгуу гоцлох…
Нүд гялбам гэрэл, өвөрмөц тайз засал, үегүй мэт бүжигчин залуус.
“Зөвхөн чам руу” хит дуу, араас нь “Яах уу", “Чи хаана байна”… Ингэж дуучин Д.Болд, Эрдэнэтчүүдтэй мэндчилж, "CuMo Arena" бүхэлдээ Хайрын хүчинд умбах нь тэр.

“Дуугаралт нь гоё, үзэгчид нь доргио, танхим нь саруул, маш гоё орчин үеийн соёл, спортын ордонтой болсон Эрдэнэтчүүд та бүхэндээ баяр хүргэе.
"CuMo Arena" ордныг барьж байгуулсан Эрдэнэтийн уурхайчдадаа баярлалаа. Ийм сайхан ордонд тоглолт хийхэд маш урамтай байна, 15 цомогт багтсан бүх хит дуугаа дуулна. Энэ үдэш та бүгдийнх” хэмээн мэндчилгээндээ онцолсон.
“Хайрын хүч”-ийн дараагийн зочин артист МУГЖ, дуучин Батцэцэглэн. Түүний донж гоёмсог хоолой, “Хайрын хүч”тоглолтын бас нэгэн шигтгээ байв. Дуучин Д.Болдтой хамтран дуулсан “Чамайг харснаас хойш”, “Жаргалтай” дуунууд гайхалтай төгс хоршил болжээ.


Дуу бүрийг нь даган дуулж, мартагдашгүй дурсамжаа нэгээр нэмж, Хайрын хүчийг хамтдаа мэдэрсэн "CuMo Arena”-гийн энэ үдшийг товч зураглахад ийм. Хайрын хүчийг түгээсэн энэ үдэш яах аргагүй онцгой, доргио болсон.
М.БАЛЖИННЯМ




|
Эх сурвалж
| erdenettoday.mn
|
АДМИН







Урлаг соёл




