Богд хааны ордон орчин цагийн музей болон хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “БОГД ЖАВЗАНДАМБА СУДЛАЛД 2026” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус музейд боллоо.
Эрдэм шинжилгээний хурлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга С.Сайнбаяр нээж үг хэлэхдээ: “Богд хааны ордон музей бол Монголын төрт ёсны уламжлал, шашин шүтлэг, уран барилга, урлахуйн ухаан, түүх соёлын үнэт өвийг цогцоор нь хадгалсан үндэсний бахархалт өв” болохыг тэмдэглээд түүний түүх, утга агуулга, уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, музейн сан хөмрөгийн судалгаа, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай болохыг онцолж, амжилт хүслээ.
Эрдэм шинжилгээний салбар хуралдааныг Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхан, Монгол зургийн зураач, каллиграфын мастер Т.Жамъянсүрэн нар удирдан явууллаа.
Хуралд Богд хааны ордон музей, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, Монгол Улсын Их Сургууль, Архивын ерөнхий газар зэрэг байгууллагын 16 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж оролцов.
Хурлын үеэр доктор (Ph.D) Ц.Гүнчин-Ишийн “Хааны ордноос орчин үеийн музей: Түүхэн замнал ба хэтийн төлөв”, доктор (Sc.D), профессор О.Батсайханы “Богд хааны ордон музейн 100 жил: түүхэн өв, үндэсний ой санамж ба ирээдүйн хөгжлийн асуудал”, доктор (Ph.D) Н.Бизъяагийн “Богд хааны шар ордны онц эрх ба Ардын засгийн бодлого” зэрэг 16 илтгэлийг хэлэлцүүллээ.
АДМИН






Урлаг соёл



