Dark Light
Гадаад | 2026-11-20

САРНЫ ХӨРСӨНД УРГУУЛСАН ТӨМС

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын биологичид анх удаа Сарны хөрстэй бүрэн ижил төстэй орчинд төмс ургуулж чаджээ. Туршилтын явцад хөрсний дээжид их хэмжээний органик бордоо нэмсэн бөгөөд эрдэмтэд ургуулсан “Сарны төмс”-ний аюулгүй байдал, шим тэжээлийн чанарыг мөн баталгаажуулсан байна.

Тус сургуулийн дэд профессор Эмерик Гойегийн хэлснээр, Сарны хөрсний аналогт органик бодис нэмснээр төмс тухайн орчинд амьдралынхаа бүх мөчлөгийг дуусгах боломжтой болохыг тогтоосон байна. Энэ нь Саран дээр урт хугацаанд амьдрах, судалгаа шинжилгээ хийхэд шаардлагатай хүнсний үйлдвэрлэл болон амьдралын хангамжийн системийг бий болгох чухал алхам аж.

Эрдэмтдийн тайлбарласнаар, реголит хэмээх Сарны хөрс нь астероид, сүүлт одны мөргөлдөөнөөс үүссэн жижиг чулуулгийн хэлтэрхий болон Сарны царцдасын бутарсан хэсгүүдээс бүрддэг. Найрлага, ширхэгийн бүтцийн хувьд дэлхийн хөрснөөс эрс ялгаатай тул ургамал, амьд организмд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тогтооход хүндрэлтэй байдаг байна.

Үүнийг тодруулахын тулд судлаачид НАСА-гийн дэмжлэгтэйгээр Сарны хөрсний бүрэн аналог дээр хэд хэдэн туршилт хийжээ. Ингэхдээ дээжүүдийн заримд ургамалд шаардлагатай шим тэжээлээр баялаг тусгай төрлийн бордоо буюу компост нэмж, өөр өөр харьцаатай хөрсөнд төмс тарин ургалтыг нь ажигласан байна.

Туршилтын үр дүнд компост нийт хөрсний гуравны нэгийг эзэлж байсан дээжид төмс идэвхтэй ургаж, булцуу үүсгэжээ. Харин бордооны хэмжээг 5-15 хувь болгон бууруулахад үндэс бүрэлдэх болон ургамлын биомасс нэмэгдэх үйл явц мэдэгдэхүйц удааширсан байна.

Түүнчлэн Сарны хөрсөнд ургуулсан төмсний булцуунд хорт нэгдэл хуримтлагдсан, эсвэл шим тэжээлийн чанар нь буурсан шинж тэмдэг илрээгүй аж.

Судлаачдын таамаглаж буйгаар, компост нь ургамлыг шаардлагатай шим тэжээлээр хангахаас гадна реголитод агуулагдаж болзошгүй хүнд металл болон бусад хорт элементийн нөлөөллөөс үндсийг хамгаалах үүрэгтэй байж болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08