“Reply 1988” драмын жүжигчин Ко Кён Пё согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан хэргээр байцаагдлаа
Өмнөд Солонгосын алдарт “Reply 1988” олон ангит киноны дүрээрээ үзэгчдэд сайн танигдсан жүжигчин Ко Кён Пё (36 настай) согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, зам тээврийн осол гаргасан хэргээр Даваа гарагийн орой Сөүл хотын Мапо дүүргийн цагдаагийн хэлтэст байцаалт өгч, олон нийтээс уучлалт гуйсныг The Korea Times болон Yonhap агентлаг мэдээллээ.

“Reply 1988” драмд тоглосон жүжигчид
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тэрээр арваннэгдүгээр сарын 14-ний үүрээр Сөүл хотод согтуугаар жолоо барьж яваад зам цэвэрлэгээний ачааны автомашин мөргөсөн байна. Ослын дараа тэрээр олон нийтээс албан ёсоор уучлалт гуйж, бүх уран бүтээл болон олон нийтийн арга хэмжээнээс түр хугацаагаар татгалзаад байгаа юм.
Цагдаагийн дуудлагын дагуу Мапо дүүргийн цагдаагийн хэлтэст хүрэлцэн ирэхдээ тэрээр сэтгүүлчдийн өмнө гүн мэхийн ёсолж, “Уучлаарай гэхээс өөр хэлэх үг алга. Олон жилийн турш та бүхэн намайг маш их хайрлаж дэмжсэн байхад миний гаргасан үйлдэл үнэхээр хариуцлагагүй байлаа” хэмээн мэдэгджээ.
Түүнийг 100 минутын турш байцааж, жолооны эрхийг нь цуцлахаар болжээ.
Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ко Кён Пё хэрэг гарах үед их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байснаа санаж байгаагаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд үнэнчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Байцаалт 100 орчим минут үргэлжилсэн бөгөөд тэрээр цагдаагийн хэлтсээс гарч ирэхдээ дахин уучлалт гуйж, “Үзэгч, дэмжигчдийнхээ итгэл, анхаарлыг ийм байдлаар хариулсандаа үнэхээр их харамсаж байна” гэжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс осол гарах үед түүний цусан дахь спиртийн агууламж жолооны үнэмлэхийг нь цуцлах хэмжээний өндөр түвшинд байсныг баталсан байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



