Dark Light
Нийгэм | 2026-11-24

АНУ-ЫН ЭЛЧИН САЙД “ACCESS” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙГ ТӨГССӨН 57 СУРАГЧИД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | АНУ-ын ЭСЯ

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган өнгөрсөн Бямба гарагт (2026.11.21) Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль дээр болсон төгсөлтийн ёслолын үеэр Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Налайх болон Сонгинохайрхан дүүргийн 57 авьяаслаг сурагчид хоёр жилийн хугацаатай “English Access” тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай дүүргэснийг нь батламжлан гэрчилгээ гардууллаа.

АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлснээр, англи хэлний мэдлэг нь дэлхийн хэмжээний боломжуудын үүдийг нээж, инновацыг хөгжүүлэх, улмаар монгол залуусыг олон улсын бизнесийн тавцанд амжилт гаргахад чухал хөшүүрэг болдог байна.

Төгсөлтийн ёслолын үеэр Элчин сайд Ричард Буанганы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна:

“Эрхэм хүндэт зочид, эцэг эхчүүд, багш нар, Монголын Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн (EARC) түншүүд болон ‘Access’ хөтөлбөрийн авьяаслаг сурагчид аа, өдрийн мэнд хүргэе.

Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа туйлын баяртай байна! Өнгөрсөн жилийн наймдугаар сард та бүхнийг хөтөлбөрт элсэх ёслол дээр үг хэлж байхад та нар дөнгөж эхэлж байсан билээ. Харин өнөөдөр та бүхний өсөж дэвжсэн байдал, өөртөө итгэлтэй төрх тодхон харагдаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Монгол орон даяар зохион байгуулагдсан ‘Access’ хөтөлбөрийн олон ёслолд оролцох завшаан тохиосон бөгөөд энэ бол миний хамгийн дуртай хөтөлбөрүүдийн нэг гэдгийг эргэлзэлгүй хэлж чадна. Суралцах, өсөж хөгжих, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах чин хүсэл эрмэлзэлтэй эдгээр гэгээлэг, идэвхтэй залуусаас би урам зориг авдаг. ‘Access’ хөтөлбөрийн сурагчдын эрч хүч, сониуч зан, тууштай байдал нь Монголын залуучуудын гайхалтай нөөц бололцоо, тэдний бүтээж буй гэрэлт ирээдүйг надад сануулдаг юм.

Өнөөдөр бид 18 гаруй жилийн өмнө эхэлсэн бахархалт уламжлалыг үргэлжлүүлж буй Улаанбаатар хотын ‘Access’ хөтөлбөрийн сурагчдын амжилтыг тэмдэглэж байна. Энэхүү хөтөлбөр нь 1,000 гаруй монгол залууст мөрөөдлөө биелүүлэх, орон нутаг, нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг олгоод байна.

Бидний найдвартай түнш болох Монголын Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвд (EARC) талархал илэрхийлэхийг хүсэж байна. Монголд ‘Access’ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хамгийн анхны түншийн хувьд та бүхний хичээл зүтгэл үнэхээр гайхалтай байлаа. Та бүхэн маш олон залуусын амьдралыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Өнөөдөр бидэнтэй хамт байгаа эцэг эхчүүд, багш нартаа эдгээр сурагчдад үзүүлсэн тууштай дэмжлэгийн төлөө баярлалаа. Та бүхний урам зориг, тэдний чадварт итгэсэн итгэл нь амжилтынх нь үндэс суурь болсон юм. Тэдний энэ аялалд та бүхний гүйцэтгэсэн үүргийг үнэлж баршгүй бөгөөд хийсэн бүхэнд тань бид талархаж байна.

Харин сурагчдадаа энэхүү гайхалтай амжилтад хүрсэнд баяр хүргэе. Та бүхэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цуцалтгүй хөдөлмөрлөж, зөвхөн шинэ хэл эзэмшээд зогсохгүй манлайлал, тэсвэр хатуужил, дэлхий дахиныг харах өргөн хүрээний үзэл бодлыг төлөвшүүллээ. Эдгээр нь ирэх жилүүдэд та бүхний өмнө тулгарах сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг шүүрэн авахад чиглүүлэх үнэлж баршгүй зэвсэг байх болно.

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн (Freedom 250) жилийн турш үргэлжилсэн баярын арга хэмжээ өндөрлөх дөхөж, мөн ирэх онд тохиох АНУ-Монголын дипломат харилцааны 40 жилийн ой ойртож буй энэ цаг үед та бүхэн шиг залуу манлайлагчдын амжилтыг тэмдэглэхээс өөрөөр хоёр орны түншлэлийг хүндэтгэх илүү сайхан арга замыг би төсөөлж чадахгүй байна.

Дахин баяр хүргэе, баярлалаа!”

(Лавлагаа: “English Access” тэтгэлэгт хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгждэг бөгөөд 13–20 насны, амжиргааны түвшин доогуур болон алслагдсан дүүргийн авьяаслаг сурагчдад англи хэл, манлайлал, Америкийн соёлын талаарх цогц мэдлэг олгох зорилготой олон улсын хөтөлбөр юм).


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08