Латви улсын Рига хотноо калистеник болон стрит воркаутын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Calisthenics & Street Workout World Championship 2026) амжилттай өндөрлөлөө. Тус оны хамгийн том дэлхийн хэмжээний тэмцээнд Монгол улсын тамирчин Цэрэнсүрэнгийн ХҮСЭЛБАЯР "Фристайл" (Freestyle) төрөлд гайхалтай амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртсэн байна. Энэхүү амжилт нь тус спортын төрлөөр Монголын түүхэнд дэлхийн түвшнээс авч буй хамгийн анхны медаль болж, спортын салбарт шинэ хуудас нээлээ.
Түүхэн далайц ба ширүүн өрсөлдөөн
Латвид болсон 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хамрах хүрээгээрээ дээд амжилт тогтоож, дэлхийн хэмжээний томоохон үйл явдал гэдгээ батлан харууллаа. Тэмцээнд дэлхийн 52 орны шилдэг 214 тамирчин оролцсон байна. Рига хотын дэвжээн дээр Европ, Ази, Ойрхи Дорнод, Америк тивийн шилдгүүд, тэр дундаа Япон, Монгол, Казахстан, Франц, Герман, Латви, Испани, Бахрейн, Катар, Саудын Араб, Египет, Бразил, Аргентин, Мексик, Канад зэрэг олон орны багууд ширүүн өрсөлдлөө.
Шүүгчдийн өндөр шалгуур, маш ширүүн өрсөлдөөн дунд "Фристайл" төрлийн медалийн тавцан дараах байдлаар хуваарилагдав:
- 1-р байр (Алтан медаль: Саму Кёнонен (Samu Könönen) — Финланд
- 2-р байр (Мөнгөн медаль : Цэрэнсүрэнгийн Хүсэлбаяр — Монгол
- 3-р байр (Хүрэл медаль : Томас Ансотт (Thomas Ansotte) — Бельги
Монголын тамирчныг өндрөөр үнэлэв
Энэхүү дэлхийн аваргад Монгол улсыг төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин Цэрэнсүрэнгийн Хүсэлбаяр олон улсын тавцанд техникийн өндөр гүйцэтгэлтэй, маш нарийн төвөгтэй динамик хослолуудыг үзүүлсэн юм. Монголын тамирчны бэлтгэл сургуулилтын өндөр түвшин, үзүүштэй байдал, алдаагүй гүйцэтгэлийг тэмцээнийг зохион байгуулагч Дэлхийн стрит воркаут, калистеникийн холбоо (WSWCF) онцлон сайшааж, өндрөөр үнэллээ.
Спортын хөгжлийн шинэ үе шат
Сүүлийн жилүүдэд Монголд залуучуудын дунд эрүүл амьдралын хэв маяг дэлгэрч, спортын дэд бүтэц хөгжсөний ачаар стрит воркаут болон калистеникийн спорт эрчимтэй хөгжиж байна. Цэрэнсүрэнгийн Хүсэлбаярын Латвийн дэвжээнээс авсан түүхэн мөнгөн медаль нь Монголын воркаутын сургууль дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх чадвартайг батлан харууллаа. Энэхүү ялалт нь Монгол улсыг олон улсын спортын тавцанд таниулах бат бөх суурийг тавьж, эх орныхоо мянга мянган залууст хүчтэй түлхэц, урам зориг өгөх болно.
ТАТАР МАЙДАР







Спорт




