Монголын каратэч хүүхдүүд Давао хотноо болсон олон улсын тэмцээнд 9 алт, 8 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байрт орлоо.
Монголын каратэгийн JKA Mongolia холбооны шигшээ баг Филиппиний Давао хотноо 8 дугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын JKA International Gashuko тэмцээнд түүхэн амжилт үзүүллээ.
Тус тэмцээнд Азийн бүс нутгийн орнуудаас 400 гаруй шилдэг тамирчид оролцсон байна. Монгол улсыг төлөөлөн 10 залуу каратэч хүч үзсэн бөгөөд тэд бүгд медаль хүртэж, 100 хувийн амжилт үзүүлэв.
Манай баг тамирчид мэргэжлийн дасгалжуулагч Жованни Вирарди болон Эрдэнэцогтын Гэрэлтунгалаг нарын удирдлага дор тэмцээнд оролцжээ. Тамирчид каратэгийн үндсэн хоёр төрөл болох ката (техник үзүүлбэр) болон кумитэ (тулаан) төрлүүдэд техникийн болон тулааны өндөр ур чадвараа харуулан медаль хүртсэн юм.
Хувийн амжилтын үр дүн (ангиллаар):
Анхан шатны ангилал (Preliminary Category):
- Энх-Амгалангийн ТОД — кумитэ төрөлд алт, ката төрөлд мөнгө;
- Санжаажамцын ЦЭЦЭНБИЛЭГ — ката төрөлд алт, кумитэ төрөлд алт;
- Түдэвийн МӨНГӨНЗАГАС — ката төрөлд алт, кумитэ төрөлд хүрэл.
Дунд шатны ангилал (Intermediate Category):
- Уянгын БИЛГҮҮН — ката төрөлд алт, кумитэ төрөлд мөнгө;
- Өлзийтогтохын БАТТҮШИГ — ката төрөлд мөнгө, кумитэ төрөлд хүрэл;
- Эрдэнэбатын ТЭНГИС — ката төрөлд мөнгө, кумитэ төрөлд мөнгө.
Ахисан дунд шатны ангилал (Intermediate Advanced Category):
- Мөнхзаяагийн СҮНДАРЬЯА — ката төрөлд алт, кумитэ төрөлд мөнгө;
- Мөнхзаяагийн АНАНД — ката төрөлд алт, кумитэ төрөлд мөнгө.
Ахисан шатны ангилал (Advanced Category):
- Гансүхийн ГАНБОЛД — хос алтан медаль (ката болон кумитэ төрөлд);
- Ууганбаярын НОМУН — кумитэ төрөлд мөнгө, ката төрөлд хүрэл.
Олон улсын тавцанд байгуулсан энэхүү ялалт нь Монгол улсад каратэгийн спорт эрчимтэй хөгжиж буйг болон олон улсын түвшинд амжилттай өрсөлдөх чадвартай залуу тамирчдын шинэ үе гарч ирж байгааг илтгэж байна.
ТАТАР МАЙДАР






Спорт




