Фото зургийг | FIBA
Төгсгөлийн цохилтыг хэн гүйцэтгэх вэ? Тоглолтын хувь заяа хутганы ирэн дээр ирэх эгзэгтэй мөчид Онолбаатарын Хулан хэзээд тулаанд бэлэн байдаг. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA 3x3) "Дэлхийн цуврал-2026" (Women's Series 2026) улирлын шилдэг баатруудаа алдаршуулах цувралдаа Монголын сагсан бөмбөгийн нүүр царай, "Улаанбаатар Амазонс" (Ulaanbaatar Amazons) багийн зүрх нь болсон Онолбаатарын Хуланг онцолж, түүнийг "Дайчин гүнж" (Warrior Princess) хэмээн өргөмжлөн зарлалаа.
Шанхайн их финал (Shanghai Final 2026) хаяанд ирсэн энэ үед FIBA түүнийг "Бусад тоглогчид гарц хайн сандарч байхад Хулан зөвхөн урагшаа дайрч, хамгаалалтыг бут ниргэх аргыг олдог" хэмээн шагшин магтжээ.
Тоон үзүүлэлт: Тэр зөвхөн довтолдоггүй, талбайг эзэгнэдэг!
Хэдийгээр тэрээр дэлхийн чансааны хувийн үзүүлэлтээрээ 8 дугаарт эрэмблэгдэж байгаа ч түүний талбай дээр гаргасан бодит үр ашиг, "Double-Double" үзүүлэлтүүд нь аймшигтай:
- 242.7 оноотойгоор дэлхийн бүх тоглогчдыг "Ашигтай үйлдлийн коэффициент"-ээрээ 3 дугаарт тэргүүлж байна.
- Улирлын турш 175 оноо авч, 127 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн.
- Нийт 62 аюултай дамжуулалт (Key assists) өгснөөр дэлхийд 2-рт бичигдэж байна.
- Мөн шийдвэрлэх довтолгоо (Highlights)-оор 4 дүгээр байранд хурдалж байна.
Тулаанд бэлтгэгдсэн "Улаанбаатар Амазонс"-ын лидер
Онолбаатарын Хулангийн хамгийн том зэвсэг бол "ямар ч боломжгүй" нөхцөл байдлаас боломжийг атгаж чаддаг дайчин чанар юм. Сөрөг багийн хамгаалалт уул мэт хааж, биеийн хүчний ширүүн тэмцэл өрнөх тусам тэр улам дүрэлзэж, хамгаалагчдыг "өөртөө татаж" багийнхандаа боломж нээдэг.
Үүний тод жишээ бол "Жинань стоп" (WS Jinan) байлаа. Тэрээр багаа ахлан тэмцээний Алтан медаль руу хөтөлж, Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогч (MVP)-оор тодорсон бөгөөд зөвхөн оноо авалтаар зогсохгүй самбар, дамжуулалтаар талбайг бүрэн удирдсан юм.
Монголын түүхийг бүтээгч, Үндэсний бахархал
Хулангийн нөлөө зөвхөн Дэлхийн цувралаар хязгаарлагдахгүй. Тэрээр:
- "Токио-2020" Олимпын наадамд Монгол Улсын багийн спортын анхны түүхэн хуудсыг нээлцэж, Олимпын тэнгэрт Монгол Улсын Төрийн далбааг залан алхсан анхны эмэгтэй тамирчин болсон.
- "FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2025"-д Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийг ахлан, дэлхийн супер гүрнүүдийг цувратоор нь өвдөг шороодуулан Мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан.
Дараагийн тулаан: Шанхайн супер финал хаяанд ирлээ!
Одоо "Дайчин гүнж" болон "Улаанбаатар Амазонс" багийг дараагийн том даваа хүлээж байна. Тэд FIBA 3x3 Women's Series Shanghai Final-д чансаагаараа 2 дугаарт эрэмблэгдэн оролцохоор Шанхайг зорих бөгөөд дэлхийн шилдгүүдийг буулган авч чадна гэдгээ аль хэдийн баталсан.
Олимпын түүхийг шинэчлэгчээс Үндэсний бахархал, Дэлхийн цувралын MVP болсон Онолбаатарбн Хулан Монголын сагсан бөмбөгийг дэлхийн оргил өөд хөтөлсөөр байна. Дараагийн шийдвэрлэх тоглолтын шүгэл дуугарахад "Дайчин гүнж" тулаанд бэлэн байх болно!
ТАТАР МАЙДАР







Спорт



