Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцуудын лабораторийн шинжилгээний сүүлийн хариуг хүлээн авсан тухай мэдээллээ. Тодруулбал:
Лабораториос 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуны дагуу Бирваагийн Ганбатын А сорьцод хийсэн GC/C/IRMS (хийн хроматографи–шаталт–изотопын харьцааны масс спектрометр) нарийвчилсан шинжилгээгээр болденон болон түүний метаболит нь хүний биед гаднаас орсон буюу экзоген гаралтай болох нь тогтоогдож, сөрөг аналитик илэрц мэдээлэгдсэн.
Экзоген гаралтай болденон болон түүний метаболит нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах, тусгайлан заагаагүй бодис юм. Үүнтэй холбогдуулан Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу тамирчныг 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
Засгийн газрын 2022 оны 10 сарын 19-ний Монгол Улсын Засгийн Газрын 376 тоот тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу Тамирчин Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, түр түдгэлзүүлэлттэй холбоотой сонсгол хүсэх, мөн хэргийг анхан шатны сонсголоор хянан шийдвэрлүүлэх эрхтэй.
А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэнийг эцэслэн тогтоосон шийдвэр биш юм. Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны үр дүнд тамирчин допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй.
|
Эх сурвалж
| Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
|
АДМИН







Спорт




