Dark Light
Спорт | 2026-09-12

ЯРОСЛАВА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНДРИЙН ХАРАЙЛТЫН АНХНЫ "ҮНЭМЛЭХҮЙ ДЭЛХИЙН АВАРГА" БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
ЯРОСЛАВА Махучих эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын анхны “Үнэмлэхүй дэлхийн аварга” болж, 150 мянган ам.доллар хүртлээ
 
Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн цоо шинэ, хамгийн нэр хүндтэй “World Athletics Ultimate Championship 2026” (Үнэмлэхүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн)-ээс Украины алдарт тамирчин, Олимпын аварга, дэлхийн рекордыг эзэмшигч Ярослава Махучих (Yaroslava Mahuchikh) түүхэн дэх анхны аваргаар тодорлоо.
 
Тэрбээр эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын шигшээ уралдаанд 1.99 метрийн өндрийг амжилттай давснаар алтан медаль, тусгай цомын эзэн болсон юм. Энэхүү түүхэн ялалтынхаа төлөө тэрбээр Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос амласан 150,000 ам.долларын (ойролцоогоор 510 сая төгрөг) хамгийн өндөр шагналыг хүртэхээр болж байна.
 
Хүйтэн үдшийн ширүүн өрсөлдөөн
 
Будапешт хотын Үндэсний хөнгөн атлетикийн төвд цаг агаар нэлээд сэрүүн байсан ч дэлхийн шилдэг 8 харайгчийн дундах өрсөлдөөн туйлын халуухан өрнөлөө. Саадны өндөр 1.95 метр дээр ирэхэд өрсөлдөгчид ар араасаа алдаж, зөвхөн Ярослава Махучих болон түүний гол өрсөлдөгч болох Австралийн Никола Олислагерс (Nicola Olyslagers) нар үлдсэн юм.
  • Алтан харайлт: Магучих 1.99 метрийн өндрийг хоёр дахь оролдлогоороо төвөггүй давсан бол, Австралийн тамирчин гурван оролдлогодоо үүнийг давж чадалгүй 1.95 метрийн амжилтаар мөнгөн медаль дээр буув. 
  • Шинэ рекорд руу тэмүүлсэн нь: Аварга болох нь нэгэнт тодорхой болсон Украины супер од өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг ахиулахаар 2.04 метр рүү захиалга өгч зоригтой үзсэн ч энэ удаад барыг давж чадсангүй. Гэсэн хэдий ч түүний 1.99 метрийн амжилт түүнийг "Абсолют хатан хаан" болгоход хангалттай байлаа. 

Тэмцээний эцсийн дүн (Эмэгтэй, Өндрийн харайлт):
  1. Ярослава Магучих (Украин) – 1.99 метр 
  2. Никола Олислагерс (Австрали) – 1.95 метр 
  3. Элеанор Паттерсон (Австрали) & Ангелина Топич (Серби) – 1.91 метр 
Ярослава Махучих: "Би дэлхийн хөнгөн атлетикийн түүхэнд үлдсэндээ баяртай байна"
Түүхэн амжилтынхаа дараа Ярослава Махучих сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Би энэхүү цомыг гартаа барихыг үнэхээр их хүсэж, мөрөөдөж байсан. Энэ бол хөнгөн атлетикийн түүхэн дэх хамгийн анхны 'Ultimate Championship' бөгөөд би анхны аварга нь боллоо. Будапештэд тэмцээнд оролцох би үнэхээр дуртай. Учир нь би энд анхныхаа дэлхийн аваргын титмийг авч байсан бол өнөөдөр дахин түүх бүтээлээ. Одоо миний энэ улирал дууссан тул далайн эрэг дээр маш богино хугацаанд амарч, дараа нь гэр рүүгээ харина даа” хэмээн ярьжээ. 
Дашрамд дурдахад, "World Athletics Ultimate Championship" нь уламжлалт ДАШТ-ийг бодвол маш цөөн, зөвхөн дэлхийн чансааны шилдэг тамирчдыг урьж, 10 сая ам.долларын асар өндөр шагналын сантай зохион байгуулдгаараа онцлогтой шинэ формат юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19