Dark Light
Спорт | 2026-09-14

АНУ-ЫН ЛЕГИОНЕР АМАРИ РОБИНСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Амари Робинсон "Айчи-Нагояа 2026" Азийн наадамд Монгол Улсын өмсгөлтэй тоглоно
 
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа гадаад тоглогчийг эгнээндээ нэгтгэж, жинхэнэ утгаараа "трансфер бөмбөг" тэсэллээ. АНУ-ын Клемсон их сургуулийг дүүргэж, Европ болон Австралийн мэргэжлийн лигүүдэд паркет дээр "гал асааж" явсан, өдгөө 26 настай, 184 см өндөр хүчний довтлогч бөгөөд төвийн тоглогч Амари Ж’Най Робинсон (Amari J'Nae Robinson) албан ёсоор Монгол Улсын иргэншил авч, шигшээ багийн хувцас солих өрөөнд ирлээ.
 
 
Өнгөрсөн өвлөөс хойш түүний иргэншлийн асуудал шийдэгдсэн ч Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны дүрэм, бүртгэлийн "хатуу хамгаалалт"-ыг сэтлэх гэж багагүй хугацаа зарцуулсан. Тэгвэл энэхүү асуудал нэг талдаа гарч, Монголын сагсан бөмбөгийн холбооноос түүнд шигшээ багийн албан ёсны өмсгөлийг нь гардуулан өглөө.
 
 
Спортын генитэй "цус сэлбэлт" ба багийн тактик

Амаригийн хувьд сагсан бөмбөгийн арвин баялаг түүхтэй гэр бүлээс гаралтай. Түүний аав Кит Робинсон Америкийн алдарт Нотр-Дам их сургуулийн багт гялалзаж байсан бол, ээж Андреа Робинсон нь Провиденс коллежийн Алдрын танхимын гишүүн, сагсан бөмбөгийн домог юм. Иймээс түүний цусанд буцалж буй "сагсны ДНХ", NCAA-ийн дээд дивизионы чансаа Монголын багт асар том хүч, туршлагыг авчирна.
 
 
Монголын эмэгтэй багуудын хувьд олон улсын тэмцээнд нурууны өндөр болон самбар доорх тэмцэлд үргэлж "дуудуулдаг" сул талтай байсан. Харин Амари ирснээр хамгаалалтын бүсдээ найдвартай блок-шотууд хийж, довтолгоонд хоёр дахь боломжийг үүсгэх самбарын тулаанд манай гол хөзөр болох юм. Тэрбээр ердөө 2026 оны 6 дугаар сард Улаанбаатарт болсон "FIBA 3x3 Women's Series" тэмцээнд "Улаанбаатар Амазонс" багийг тэргүүлэн аварга болгож, тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч (MVP)-оор шалгарч байсан нь манай паркетад хэдийнэ дассаныг илтгэнэ. 
 
Азийн наадмын "Үхлийн хэсэг" ба Шигшээгийн хуваарь

Японы Айчи-Нагояа хотноо болох Азийн наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн 9 дүгээр сарын 17-ноос 26-ны өдрүүдэд ширүүн өрсөлдөөн дунд явагдана. Манай эмэгтэй шигшээ баг энэ удаа Азийн хүчирхэг баруудын нэг болох БНСУ, Хятадын Тайвань, болон Малайзын багуудтай "C" хэсэгт багтаад байна.
Шигшээ багийн тоглолтын хуваарь (хэсгийн шат):
  • 9 дүгээр сарын 18: Монгол vs Хятадын Тайвань (Нээлтийн эхний тулаан)
  • 9 дүгээр сарын 21: Монгол vs БНСУ
  • 9 дүгээр сарын 22: Монгол vs Малайз

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн "Алтан үе"-ийн төлөөлөл болох Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Мөнхсайханы Цэрэнлхам нарын шилдэг охид дээр Амари Робинсон хэмээх хүчирхэг "мотор" нэмэгдсэнээр манай баг Азийн наадамд дуулиан тарих бэлтгэлээ хангаад байна. Шинэ монгол иргэн, шигшээ багийн төвийн тоглогч Амари Робинсон болон манай охидод амжилт хүсье!
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19