2026 оны есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан олон улсын хэт холын зайн IRONMAN Japan South Hokkaido 2026 тэмцээнд Монгол Улсын тамирчин Галсанжамцын Ганчимэг амжилттай оролцож, хувийн болон улсынхаа рекордыг шинэчлэн түүхэн амжилт гаргалаа.
Тэрбээр нийт 226 км (3.8 км сэлэлт, 180 км дугуй, 42.2 км гүйлт) хүнд замаас бүрдсэн бүтэн зайн уралдааныг 11 цаг 43 минут 30 секундэд туулан барианд оржээ. Энэхүү амжилтаараа Г.Ганчимэг Эмэгтэйчүүдийн 45–49 (F45-49) насны ангилалдаа мөнгөн медаль (2-р байр) хүртлээ. Уг насны ангилалд АНУ-ын тамирчин Кристина Кэйс (Christina Case) 10:12:21 цагийн амжилтаар тэргүүлсэн бол Япон улсын шилдэг тамирчин Ёшико Камада (Yoshiko Kamada) 11:44:29 цагийн уралдаан үзүүлж, 3-р байрт оржээ.


Ангилалдаа олон орны шилдгүүдтэй уралдан 2-р байрт орсон Галсанжамцын Ганчимэгийн хувьд энэ удаагийн тэмцээнд урьдын амжилтаа 40 минутаар ахиулсан байна. Мөн тэмцээний явцад нэгдүгээр байрт орсон АНУ-ын тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээсээ татгалзсанаар, уг эрх (Kona Slot) Ганчимэгт шилжжээ. Ингэснээр тэрбээр ирэх жил Хавайн Конад зохион байгуулагдах, триатлончдын хамгийн том мөрөөдөл болох IRONMAN World Championship-д хурд хүчээ сорихоор боллоо.
Түүний энэхүү гайхалтай амжилтын дараа түүний хань Сүхбаатарын Мөнхсүх өөрийн цахим хуудаснаа баярын сэтгэгдлээ хуваалцахдаа:
"Урьдын амжилтаа 40 минутаар ахиулж, насныхаа ангилалд олон орны тамирчидтай уралдан хоёрдугаар байрт орчихлоо! Тэгтэл бас ёндоо таарч, нэгдүгээр байрт орсон АНУ-ын тамирчин нь дэлхийн аваргад явах эрхээсээ татгалзаж, манай хүнд эрх нь шилжлээ. Ингээд ирэх жил Хавайн Конад тамирчдын хүсэн хүлээдэг дэлхийн аваргад уралдах нь ээ. Дөрвөн хүүгийн маань ээж. Үр хүүхэд, ажил карьер, гэр орон, номын ажил гээд энэ бүхний хажуугаар бэлтгэлээ ч амжуулна. Яаж энэ бүгдийг амжуулаад байна аа гэж би ханиа биширдэг юм. Бүсгүйчүүдээ дэмжих юмсан гэж боддгийн минь нэг том шалтгаан энэ хүн юм аа" хэмээн бахархан бичжээ.
Галсанжамцын Ганчимэг нь ийнхүү спортын замналаа гэр бүл, карьер, номын ажилтайгаа гайхалтай хослуулан, дэлхийн дэвжээнд Монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, ур чадварыг тамгалж чадлаа.
ТАТАР МАЙДАР






Спорт



