Пүмсэ төрлөөр дэлхийн дэвжээнд АНУ, Тайвань, Тайландын шилдгүүдийг дарааллан ялж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Монголын спорт сонирхогчид, таеквондогийн гэр бүлд нэгэн түүхэн баярт үйл явдал тохиолоо. БНСУ-ын Чүнчон хотын "Air Dome" ордонд зохион байгуулагдаж буй Олимпын таеквондогийн Пүмсэ (Poomsae) төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс анх удаагаа Дэлхийн аваргатай боллоо.

Дэлхийн 83 орны 2,800 гаруй шилдэг тамирчид хуран цугларсан тус нүсэр тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн өсвөр үеийн холимог хосын (Cadet Pair) төрөлд Цэрэндэжидийн Шинэ-Эрдэнэ, Отгонбаярын Энх-Эрдэнэ нар босоо байж, алтан медаль хүртэн дэлхийн оройд гарав.
Манай хос тамирчид хэсгийн болон хасагдах шатны тулаануудад дэлхийн таеквондогийн хөгжлийг тодорхойлогч томоохон гүрнүүдийн багийг дарааллан буулгаж авсан юм. Тэд хэсгийн шатанд Их Британи болон Германы хүчтэй хосуудыг, шөвгийн тоглолтуудад Канад, АНУ-ын шилдэг тамирчдыг тус тус илүүрхэн ялж, алтан медалийн төлөөх шийдвэрлэх финалд Зүүн Өмнөд Азийн таеквондогийн хүчирхэг сургуультай Тайландын хосыг гайхалтай техник, гүйцэтгэлээрээ ялснаар дэлхийн аваргын алтан медаль, цомыг өөрсдийн болголоо.

Өсвөр үеийн холимог хосын (Cadet Pair) төрлийн дүн:
|
Байр |
Улс / Баг |
Тамирчдын нэрс |
|
I байр (Алтан медаль) |
Монгол |
Цэрэндэжидийн Шинэ-Эрдэнэ / Отгонбаярын Энх-Эрдэнэ |
|
II байр (Мөнгөн медаль) |
Тайланд |
Келданг Тасанг / Бензипа Жиранут (Keldang Thasang / Benzipa Jiranut) |
|
III байр (Хүрэл медаль) |
АНУ |
О'Риордан Оливиа / Ха Кэйден (Oriordan Olivia / Ha Kayden) |
|
III байр (Хүрэл медаль) |
Тайвань |
Чу И-Тин / Шю Шюан-Чих (Chu Yi-Ting / Hsueh Hsuan-Chih) |
Энэхүү ялалт нь Монголын таеквондогийн холбооны түүхэнд Пүмсэ буюу "Хөдөлгөөнт цогцолбор" үзүүлбэрийн төрлөөр дэлхийн дэвжээнээс авч буй анхны алтан медаль бөгөөд манай тамирчдын ур чадвар дэлхийн хэмжээнд хүрснийг батлан харуулсан түүхэн үйл явдал болж байна.
Шинэ түүхийн эзэд болсон өсвөрийн тамирчиддаа болон багш, дасгалжуулагч нарт нь халуун баяр хүргэе!
ТАТАР МАЙДАР







Спорт




