Dark Light
Спорт | 2026-09-19

"IMAGINE ONE ASIA" УРИАН ДОР ШАР ТИВИЙН "ОЛИМП" ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Д.Нямбилэг,М.Мөнхзул,Ч.Ганболд, Г.Хүслэн, Д.Бямбажаргал

Шар тивийн спортын хамгийн том баяр цэнгэл болох Азийн зуны спортын ХХ наадам хоёр сая гаруй хүн амтай Япон улсын Нагояа хотын Мизухо цэцэрлэгт хүрээлэнгийн Атлетик цэнгэлдэх хүрээлэнд нүсэр, сүр жавхлантайгаар хөшгөө нээлээ. 

Энэ удаагийн наадамд Азийн сор болсон дөчин таван Үндэсний олимпын хорооны арван нэгэн мянга гаруй шилдэг тамирчид цуглаж, спортын дөчин гурван төрөлд дөрвөн зуун жаран есөн багц медалийн төлөө "Imagine One Asia" буюу "Нэгдсэн Ази" уриан дор хурд хүч, ур чадвараа сорьж эхлээд байна.

Монгол Улсын шигшээ баг тамирчид тэртээх мянга есөн зуун далан дөрвөн онд Ираны Тегеран хотноо болсон шар тивийн долдугаар наадмаас медалийнхаа салхийг хагалж байсан түүхтэй. Тэр цагаас хойш хамгийн сүүлийн Ханжоугийн наадам хүртэлх хугацаанд манай дайчин тамирчид хорин долоон алт, тавин гурван мөнгө, нэг зуун дөрвөн хүрэл буюу нийт нэг зуун наян дөрвөн медалийг эх орныхоо санд гоёод байна. Харин энэ удаагийн Айчи-Нагояагийн наадамд Монгол Улс спортын гучин нэгэн төрөлд гурван зуу гаруй тамирчнаа сойж, хагас зуун гаруй жилийн түүхт амжилтын буухиагаа ахиулахаар бие болоод сэтгэл зүйн бэлтгэлээ ханган, дор бүрнээ хичээн оролцож байна. 

Урьд өмнө нь Токио болон Хирошимагийн наадмуудыг зохион байгуулж байсан Япон улс ийнхүү Азийн наадмыг гурав дахь удаагаа нутагтаа хүлээн авч, бүсийн хүчирхэг гүрнүүд болох БНХАУ, БНСУ-тай мөр зэрэгцэн ирлээ. Харин Тайланд улс зуны наадмыг түүхэндээ хамгийн олон буюу дөрвөн удаа зохион байгуулсан рекордоороо тэргүүн эгнээнд бичигдсэн хэвээр байна.

Наадмын нээлтийн жагсаалд Монгол Улсын шигшээ баг нэг зуу гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр сүр жавхлантай алхлаа. Энэ үдэш Монголын багийн туг барих хүндтэй үүргийг сагсан бөмбөгийн дээд лигийн Хасын Хүлэгүүд багийн тоглогч, гурав-хэрсэн-гурав сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Чинбатын Тэмүүлэн болон волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Пүрэвсүрэнгийн Энххүслэн нар нэр төртэйгээр биелүүллээ. 

Цэнгэлдэхийн хүндэт суудалд Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Батболдын Баттүшиг Олон улсын олимпын хороо болон Азийн олимпын зөвлөлийн хүндэт зочидтой хамт тухлан, тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв. Монголын баг тамирчдыг дэмжихээр албаны бүрэлдэхүүнд багийн ахлагч, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга, дэд ахлагч, УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Жуковын Алдаржавхлан, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Энхбатын Бадар-Ууган нар нэгдсэн байна. Мөн цэнгэлдэхэд тэмцээн уралдааны агшин бүрийг цаг алдалгүй, халуун цэгээс нь сурвалжлахаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тавь гаруй уран бүтээлч, сэтгүүлчид ажиллаж байна.

Тэртээх мянга есөн зуун далан дөрвөн оны Тегераны Азийн наадмаас алтан медаль шүүрч байсан ХХ зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх, Гавьяат тамирчин Дашдоржийн Цэрэнтогтох нарын цуутай аваргуудын түүхэн замнал энэ наадамд хэрхэн үргэлжлэхийг бид үзэх үлдлээ. Азийн наадмаас хамгийн олон буюу зургаан медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа шиг шинэ түүхийн эзэд, олон шилдэг тамирчид Нагояагийн дэвжээнээс төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19