Dark Light
Спорт | 2026-09-20

ОФФИСЫН ДАДЛАГАЖИГЧ БҮСГҮЙ МОНГОЛЫН РАЛЛИД ЦАХИУР ХАГАЛАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Энхбаярын Александра дөрвөн том уралдаанд хурд сорьж, гурван удаа шагналын тавцанд гарахдаа ЕХ-ны далбааг бахархалтайгаар мандуулжээ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Улс төр, хэвлэл мэдээллийн хэлтэст дадлагажигч (Trainee)-ээр ажилладаг Энхбаярын Александра хэмээх бүсгүй 2026 оны авто-мото спортын улиралд Монголын хүнд хэцүү, бартаат замын уралдаануудад хүч үзэж, цуврал өндөр амжилтуудыг үзүүлсэн байна.

Тэрээр ажлынхаа хажуугаар Монголын авто-мото спортын хамгийн хатуу шалгууртай дөрвөн том уралдаанд амжилттай оролцож, гурван удаа шагналын тавцанд гарсан бөгөөд уралдааны замуудад ЕХ-ны далбааг өндөрт мандуулж, спорт дахь олон талт байдлыг сурталчилжээ.

Түүний 2026 оны уралдааны түүхэн замнал:

  1. "DZ Baja Desert Challenge" уралдаан: Александрагийн энэ жилийн анхны гараа байсан бөгөөд тэрээр эмэгтэйчүүдийн ангилалд 3 дугаар байр эзэлж, хүрэл медаль хүртэв.

  2. "Baja 150" уралдаан: Хоёр дахь томоохон сорилтод хурд сорихдоо тэрээр амжилтаа ахиулан эмэгтэйчүүдийн ангилалд 2 дугаар байр эзэлж, мөнгөн медалийн тавцанд гишгэжээ.

  3. "Монгол Ралли" (Mongol Rally): Энэхүү нэр хүндтэй олон өдрийн уралдаанд тэрээр цорын ганц эмэгтэй мотоциклч болон оролцож, замаа амжилттай дуусгасан байна.

  4. "Чингис Хаан" ралли (Genghis Khan Rally): Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан тус олон улсын раллид Александра эмэгтэйчүүдийн ангилалд 1 дүгээр байр эзэлж, алтан медаль хүртжээ. Мөн тэрээр нийт уралдсан 27 мотоциклчоос ерөнхий дүнгээр 9 дүгээр байрт хурдалсан өндөр амжилт үзүүлсэн байна.

Олон улсын стандарт ба хамт олны дэмжлэг

Энэ жилийн "Чингис Хаан" ралли уралдаанд түүхэндээ анх удаа Герман, Шведийн болон Японы олон улсын тамирчид ирж оролцсон нь Монголын авто-мото спортын хөгжлийг дэлхийн стандартад хүргэж буйг ЕХ-ны төлөөлөгчийн газраас онцолжээ.
 
Александра уралдааны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа: "Төлөөлөгчийн газарт хариуцлагатай алба хашихын зэрэгцээ уралдааны хүнд бэлтгэл, замуудыг тэнцвэржүүлж сурах нь маш өвөрмөц туршлага байлаа. Үүнд манай хамт олны тууштай дэмжлэг, урам зориг хамгийн том хөдөлгөх хүч болсон. Энэхүү дөрвөн том уралдаан нь зөвхөн өөрийгөө сорих боломж байсангүй, ЕХ-ны Төлөөлөгчийн газрыг өөр өнцгөөс төлөөлж, авто-мото спорт болон адал явдалд дуртай Монгол залуустай нэгэн ижил хүсэл тэмүүллээр дамжуулан холбогдох сайхан завшаан боллоо" хэмээн онцолсон байна.

Энэхүү үйл явдал нь орчин үеийн залуу дипломатууд, мэргэжилтнүүд зөвхөн оффисын ширээний ард суух биш, өөрийн сонирхол, хоббигоороо дамжуулан улс орнуудын соёл, спортын харилцааг улам амьд, сонирхолтой болгож уусгаж чаддагийн маш гоё жишээ болж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19