Хүндийн өргөлт, пауэрлифтингийн спортын сонирхогчдын анхаарал Турк улсад төвлөрчээ. Истанбул хотноо энэ сарын 22-ноос 28-ны өдрүүдэд хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн (2026 Asian Classic & Equipped Bench Press Championships) амжилттай үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын пауэрлифтингийн спортын дэд мастер Бат-Эрдэнийн Шинэчимэг гайхалтай амжилт үзүүлж, алтан медалийн эзэн боллоо.
Тэрээр өмнө нь 2025 онд зохион байгуулагдсан "Asian / Pacific / African Women's Equipped Bench Press Championships" тэмцээнд мөн босоо байж, алтан медаль хүртэж байсан түүхтэй. Ийнхүү Б.Шинэчимэг хоёр жил дараалан тивийнхээ чансааг тэргүүлж, Ази тивийн хошой аварга гэдгээ дэлхий дахинд батлан харууллаа. Энэхүү түүхэн ялалт нь Монголын пауэрлифтингийн спортын хөгжил, тамирчдын чансааг тивдээ дахин батлан харуулсан бахархам үйл явдал болж байна.
Истанбулын дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, алтан медаль хүртсэн Азийн аварга Б.Шинэчимэг болон түүнийг бэлтгэсэн дасгалжуулагчдын баг хамт олонд халуун баяр хүргэе!
ТАТАР МАЙДАР







Спорт



