Испани Улсын Гуадалахара хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн бүжгийн спортын холбооны (WDSF) 2026 оны Хореографик Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Royal Dance” хамтлаг тэргүүн байр эзэлж, хоёр дахь удаагаа дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.
Ийнхүү “Moon Dance” клубийн 2009 онд үүсгэн байгуулагдсан амжилтын буухиаг үргэлжлүүлэгч “Royal Dance” хамтлагийн бүжигчид дэлхийн аваргын цомоо амжилттай хамгаалж, эх орныхоо төрийн дууллыг Испанийн “Palacio Multiusos de Guadalajara” ордонд дахин эгшиглүүлэв.
Испанийн холбоо болон WDSF-ийн онцолсон баримтууд:
-
Өрсөлдөөний цар хүрээ: Тэмцээнийг зохион байгуулагч Испанийн Бүжгийн Спортын Холбоо (FEBD) болон Дэлхийн Бүжгийн Спортын Холбооны (WDSF) албан ёсны мэдээлснээр энэ удаагийн ДАШТ-д 21 орны 114 баг, 1,071 тамирчин өрсөлдөж байна.
-
Монгол багуудын өргөн бүрэлдэхүүн: Испанийн холбооноос зохион байгуулагч Испани улс 32 багтайгаар оролцож байгаа бол Монгол Улс оролцогч багийн тоогоор Испанийн дараа хоёрдугаарт (Португал, Унгарын өмнө) бичигдэж, өргөн бүрэлдэхүүнээр хүч үзэж буйг онцолжээ.
-
Насанд хүрэгчдийн ангиллын бусад төлөөлөл: Тус тэмцээний насанд хүрэгчдийн жижиг багийн төрөлд (Small Teams Adult) манай улсаас “Moon Sirens Adult”, “Aida”, “Artage” болон “Moon Girls Adult” гэсэн дөрвөн баг мөн өрсөлдсөн байна.
Тэмцээний эхний өдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд болсон насанд хүрэгчдийн болон өсвөр насны том багийн төрөлд Монголын багууд ийнхүү үнэмлэхүй ялалт байгуулж, хоёр алтан медаль хүртээд байна.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл

