Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын шатрын холбооны 46 дугаар Дэлхийн шатрын олимпиад (46th FIDE Chess Olympiad) болон FIDE-ийн Конгресс амжилттай үргэлжилж байна.
Тэмцээний наймдугаар өрөгт Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Болгарын хүчирхэг багийг 2.5:1.5 харьцаагаар буулган авлаа. Ингэснээр манай эмэгтэй баг найман өргийн долоод нь ялалт байгуулж, 14 оноотойгоор нийт 189 улсын багаас дөрөвдүгээр байрт дэвшсэн байна.

Манай охид сүүлийн хоёр өрөгт Франц болон Болгарын шигшээ багуудыг дараалан хожсон бөгөөд Болгарын эсрэг шийдвэрлэх бүтэн оноог Олон улсын их мастер Төрмөнхийн Мөнхзул авчирчээ. Энэхүү хариуцлагатай өргийн үеэр Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч асан, Халимаг Улсын анхны Ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов тэмцээний танхимд ирж, элэг нэгт Монголын эмэгтэй шигшээ багийн тоглолтыг анхааралтай ажиглан үзэж буй нь гэрэл зурагчдын хараанд өртсөн байна.
.jpg)
Үүний зэрэгцээ эрэгтэй шигшээ баг мөн амжилттай тоглож, Уганда улсыг 3:1, Шри Ланка улсыг 2.5:1.5 харьцаагаар дараалан хожиж, найман өргийн дараах тав дахь ялалтаа байгуулсан байна.
Энэхүү тэмцээний явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ. Тэрээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Номын баярт оролцохоор Монголдоо түр буцаад, олимпиадын шийдвэрлэх өргүүд болон FIDE-ийн Конгресст оролцохоор Самарканд хотод эргэн ирсэн байна. Тэрээр ирсэн даруйдаа хоёр багийнхаа амжилтын гэрч болсноо тэмдэглээд, одоо тэмцээнийг шийдвэрлэх хамгийн чухал гурван өрөг үлдээд байгааг онцолжээ.
ТАТАР МАЙДАР







Спорт



