Монголын кибер аюулгүй байдлын салбарын хамгийн том цугларалт болох “MNSEC 2026” чуулга уулзалт 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдав. Тус арга хэмжээг кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг MNCERT/CC төрийн бус байгууллага уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Security Beyond Human Scale” уриан дор 500 гаруй гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан байна.
Энэ жилийн чуулганы гол онцлог нь олон улсын түвшинд хүрээгээ тэлсэн “Харуул занги 2026” ёс зүйтэй хакерын тэмцээн болон “Scavenger Hunt Challenge” байв. Үндэсний хэмжээний тус тэмцээнд нийт 280 баг бүртгүүлснээс хагас шигшээ шатанд Украин, Хонконгийн багууд, харин финалын шатанд БНСУ-ын 2 баг урилгаар ирж Монголын шилдэг залуустай өрсөлдсөн байна. Тэмцээний албан ёсны дүнг удахгүй Харуул Занги Фэйсбүүк хуудас болон тэдний онооны систем дээр шинэчлэн оруулах аж.

Чуулганаар салбарын экспертүүд цахим орчны шинэ төрлийн халдлага, хиймэл оюун ухааны (AI) эрин үеийн аюул заналхийллийг таних, түүнчлэн “Cyber Resilience” буюу халдлагад өртсөн байгууллага хэрхэн тэсвэртэй байж, үйл ажиллагаагаа шуурхай сэргээх талаар бодит шийдлүүдийг хэлэлцлээ.
Тус арга хэмжээг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Сангажавын Баярцогт очиж сонирхсон бөгөөд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Манай залуус дэлхийн түвшинд өрсөлдөхүйц мэдлэг, ур чадвартай болж байгааг харах бахархалтай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
ТАТАР МАЙДАР








Спорт




