Монгол Улсын эмэгтэй боксын спортын түүхийг шинэчлэгч, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Мягмардуламын Нандинцэцэг мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийж, карьераа гайхалтай ялалтаар эхлүүллээ.
АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын "Patapsco Arena"-д зохион байгуулагдсан "World Championship Boxing Series LXXXI" тэмцээний хүрээнд манай тамирчин мэргэжлийн боксын анхны тулаанаа (Professional Debut) амжилттай гүйцэтгэв. Уг хүндтэй цуврал тэмцээнийг АНУ-ын боксын нэр хүндтэй холбоо болох “PTP” (Ponytail Promotions) промоушн хариуцан зохион байгуулсан юм.

Нэгдүгээр раундын ялалт
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэн дэх анхны өрсөлдөгч болох АНУ-ын Мичиган мужаас гаралтай, боксчин Шиния Жонс (Shynyia Jones)-той тулалдсан юм. Тулаан эхлэхээс авахуулаад манай тамирчин сонирхогчдын боксын олон жилийн асар их туршлага, техникийн давуу байдлаа рингэнд шууд харуулж, өрсөлдөгчдөө ямар ч боломж олгосонгүй.
Улмаар тулааны нэгдүгээр раундад (Round 1) өрсөлдөгчөө хүнд цохилтоор (KO) буулган авснаар шүүгчдийн санал хураалтыг хүлээлгүйгээр хугацаанаас нь өмнө тулааныг дуусгаж, мэргэжлийн боксын рингэнд "Нандин" хэмээх нэрээ нандинаар тамгалав.
Монголын эмэгтэй боксын "Анхдагч"
М.Нандинцэцэг нь сонирхогчдын боксын рингэнд:
-
2014 оны Инчеоны Азийн наадам болон 2018 оны Шинэ Делигийн Дэлхийн АШТ-ээс тус тус хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ДАШТ-ий анхны медалийг авчирч байсан.
-
Эмэгтэй боксчдоос анх удаа Монгол Улсын Гавьяат тамирчин (МУГТ) цолыг хүртсэн.
-
Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальтай, дотооддоо 11 удаагийн улсын аварга тамирчин юм.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын Виржиниа мужид суурьшин бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлсэн тэрээр 2026 оны 5 дугаар сард Тулса хотноо зохион байгуулагдсан АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй үндэсний аварга шалгаруулах “Golden Gloves of America” (Америкийн Алтан бээлий) тэмцээний 54 кг (119 lbs - Bantamweight) жинд торолгүй түрүүлж, сонирхогчдын боксын карьераа оргил цэгт нь дуусгаад байв.
Ийнхүү АНУ-ын "Алтан бээлий"-н аваргын бүсийг зүүснийхээ дараа мэргэжлийн бокст хөл тавьсан манай тамирчин анхны тулаандаа ийнхүү жин дарах ялалт байгуулж, АНУ-ын боксын хүрээнийхний анхаарлыг татаж эхэллээ.
ТАТАР МАЙДАР







Спорт




