Dark Light
Спорт | 2026-09-28

МОНГОЛЫН ШАТАРЧИД ДЭЛХИЙН ОЛИМПИАДЫН "В" АНГИЛАЛД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдсөн Монгол Улсын үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд түүхэн амжилт үзүүллээ. Эмэгтэй шигшээ баг 17 оноотойгоор дэлхийн шилдэг 10 багийн нэг болж, 7 дугаар байрт шалгарсан бол эрэгтэй шигшээ баг нийт дүнгээр 26 дугаар байрт бичигдэж, “В” ангилалд мөнгөн медаль хүртэв.

Дэлхийн 189 орны шилдгүүд цугласан оюуны том талбарт АНУ, Энэтхэг, Польш зэрэг шатрын супер гүрнүүдтэй мөр зэрэгцэн, ижил оноо авч, дэлхийн ТОП-7-д бичигдэнэ гэдэг бол үнэхээр бахархам амжилт юм. 1990 оноос хойш 30 гаруй жил эвдэгдээгүй байсан түүхэн амжилтыг ийнхүү шинэчиллээ.

Ялангуяа 19 настай Хишигбаатарын Баясгалан 11 өрөг тасралтгүй тоглож, III ширээнд дэлхийн шилдэг 4 дүгээр тамирчнаар шалгарсан үзүүлэлт, мөн эрэгтэй шигшээ багийн "В" ангиллын мөнгөн медаль, дэлхийн 26 дугаар байр нь Монголын шатарчдын чансааг дэлхийн тавцанд маш өндөрт гаргалаа. Спортын дэд бүтэц, санхүүжилтийн дутагдалтай талыг зөвхөн Монгол хүний оюуны потенциал, зүтгэлээр нөхөж чадна гэдгийг дэлхийд харуулсан бахдам үйл явдал болжээ.

Олимпиадад багуудыг анхны чансаа болон чансааны дунджаас нь хамааран таван хэсэгт (А, В, С, Д, Е) хуваадаг журамтай. Эрэгтэй шигшээ багийн өрсөлдсөн “В” ангилал нь дэлхийн чансааны дунджаар тэргүүлэгч орнуудын дараах хоёрдугаар түвшний хүчирхэг багуудыг нэгтгэсэн хэсэг юм. Манай эрэгтэй тамирчид тус ангилалд багтсан орнуудаас амжилтаараа хоёрдугаарт жагссанаар ийнхүү мөнгөн медалийн болзол хангалаа.

Эмэгтэй багийн хувьд АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай 3-7 дугаар байрыг ижил оноогоор хуваан эзэлж, коэффициентийн зөрүүгээр 7 дугаар байрт жагссан нь 1990 оны Нови Садын олимпиадын 12 дугаар байрын амжилтыг ахиулсан үзүүлэлт болов.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19