Гүрж Улсын Тбилиси хотноо 2026 оны есдүгээр сарын 25–28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс (IBSA World Championships) Монгол Улсын эрэгтэй шигшээ баг багийн төрөлд хүрэл медаль хүртлээ. Энэ нь манай пара жүдочдын ДАШТ-ий багийн төрлөөс хүртэж буй хоёр дахь хүрэл медаль болж байна.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон эрэгтэй 6 тамирчны жин болон харааны бэрхшээлийн зэрэглэлийн ангиллыг (J1 - бүрэн хараагүй, J2 - тулгарсан харааны бэрхшээлтэй) танилцуулж байна:
-
-70 кг (J1 ангилал): Баатарсүрэнгийн Бат-Эрдэнэ, Ядамсүрэнгийн Очирваань
-
-81 кг (J1 ангилал): Галбадрахын Чулуунсүх
-
-81 кг (J2 ангилал): Энхтуяагийн Даваадагва
-
+95 кг (J1 ангилал): Дашцэрэнгийн Ганбат, Пүрэвдоржийн Эрдэнэбилэг
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Аажимын Мөнхбатын удирдлага дор дэлхийн дэвжээнд хүч, тэсвэр хатуужлаа сорьсон манай тамирчид ийнхүү багийн дүнгээр медалийн шатанд шалгарлаа. Дасгалжуулагч Мөнхбат маань тамирчин байхдаа Пара жүдогийн 66 кг-ын жинд барилдаж, “Токио-2020” паралимпын наадамд VII байр эзэлсэн. Түүнчлэн хараагүйчүүдийн дэлхийн наадмын алт, мөнгөн медальтай, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын хүрэл медальт хүн юм.
ТАТАР МАЙДАР







Спорт



