Японы Айчи-Нагояа мужид үргэлжилж буй Азийн наадмын боксын тэмцээнээс Монголын баг тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүлэн ширэн бээлийтнүүд хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзэж буй энэ оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Хархүүгийн Билгүүнсайхан хагас шигшээд шалгаран хүрэл медалийн болзол хангаад байсан юм. Манай тамирчин шөвгийн 8-ын тулаанд Тайландын хүчтэй өрсөлдөгч Кангпи Бохунтодыг илүүрхэн ялж, медалийн тавцанд гарах нь тодорхой болсон билээ.

Медалийн өнгө хувиргах хагас шигшээ тоглолтод ОУХМ Х.Билгүүнсайхан зохион байгуулагч орны боксчин, Японы Рүи Ямагучитай рингнээ гарч ширүүн тулаан хийсэн ч, шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр талбайн эзэн боксчинд ялалт өгсөн байна. Ингэснээр манай тамирчин “Айчи Нагояа-2026” Азийн наадмын хүрэл медалийн тавцанд зогсохоор болж, Монголын баг тамирчдын тус наадмаас хүртэж буй хоёр дахь хүрэл медалийг цуглуулгад нэмлээ.
ТАТАР МАЙДАР







Спорт




