Казахстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан 2026 оны Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд АНУ-ын шигшээ баг багийн дүнгээр тэргүүлж, дэлхийн аваргын цомыг өргөлөө. Америкийн бөхчүүд энэ удаагийн тэмцээнд түүхэн амжилт үзүүлж, нийт 194 оноо авснаар багаараа аваргын алтан медалийн эзэд болсон юм.
Тэмцээний багийн дүн сүүлийн мөч хүртэл тун өрсөлдөөнтэй үргэлжилсэн бөгөөд гол өрсөлдөгч болох Оросын шигшээ баг 185 оноотойгоор хоёрдугаар байрт, харин Ираны шигшээ баг 133 оноотойгоор гуравдугаар байрт тус тус шалгарлаа. АНУ болон Оросын багуудын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж, ердөө 9 онооны зөрүүгээр аварга шийдэгдсэн нь чөлөөт бөхийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн үйл явдал болов.
Манай Монгол улсын шигшээ баг тус тэмцээнд багийн дүнгээр 35 оноо цуглуулж, 9-р байрт жагслаа. Түүнчлэн АНУ-ын багийн хувьд энэ удаагийн дэлхийн аваргаас Спенсер Ли (57 кг), Бо Бассетт (65 кг), Леви Хайнс (79 кг), Кайл Дэйк (86 кг), Кайл Снайдер (97 кг) гэсэн 5 алтан медальтан төрүүлж, нэг ДАШТ-ээс хамгийн олон алт авсан рекорд амжилтаа шинэчилсэн байна.
Энэхүү тэмцээнд АНУ-ын баг дундаас хамгийн тод од болон гялалзсан тамирчин бол ердөө 20 настай гоц авьяастан Бо Бассетт байлаа. Тэрээр 65 кг-ын жинд насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаагаа дебют хийж, шөвгийн наймд Оросын хүчтэй бөх Абасгаджи Магомедовыг 3-12 харьцаагаар ялагдаж явснаас гайхалтай эргэн эргэлт хийж 14-13-аар ялсан нь тэмцээний хамгийн дуулиантай барилдаан болсон юм. Улмаар шигшээ барилдаанд Арменийн хоёр удаагийн олимпчин, ДАШТ-ий хүрэл медальт Вазген Теваняныг 9-1 харьцаагаар илүүрхэн цэвэр ялж, дэлхийн аварга боллоо.
Бо Бассетт (Bowen William Bassett) нь 2006 онд АНУ-ын Пенсильвани мужид төрсөн, чөлөөт бөхийн өндөр амжилт гаргаж буй залуу тамирчин юм. Тэрээр ахлах сургуульдаа ялагдалгүй рекорд тогтоож, 2021 онд U17 насны дэлхийн аварга, хожим U20 болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож түүхэн амжилтуудыг бүтээжээ. Өндөр хурдтай, тасралтгүй довтолдог барилдааны хэв маягаараа алдартай түүнийг 2028 оны Олимпын гол найдвар хэмээн үздэг.
Бо Бассетт зургаан настайгаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд дунд болон ахлах сургуульдаа 170 ялалт, 0 ялагдал гэсэн үнэмлэхүй рекордыг тогтоож, Америкийн сургуулиудын спортын түүхэнд домог болон үлджээ.
ТАТАР МАЙДАР






Спорт




