Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буй Залуучуудын зуны IV олимпын наадмын нээлтийн маргааш буюу тэмцээний эхний өдөр Монгол Улсын баг тамирчид медалийн салхийг хагаллаа. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдсан Тунгалаг овогтой Төгсхүслэн гайхалтай барилдаануудыг үзүүлж, олимпын хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Манай тамирчин хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Олон улсын олимпын дүрвэгсдийн багийн (EOR) жүдоч Ботай Арно Яфунгатай хүч үзсэн юм. Барилдааны эхнээс Т.Төгсхүслэн хэвтээ барилдаанд өрсөлдөгчийнхөө гарт өчих (arm-lock) мэхээр эхэлж, удалгүй дараагийн довтолгооноороо үүрэх (seoi-otoshi) мэхийг даацтай гүйцэтгэн өрсөлдөгчөө цэвэр (Ippon) ялж, шагналын тавцанд зогсох эрхтэй болов.

Т.Төгсхүслэнгийн хувьд энэ удаагийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын тугчаар сонгогдож, нээлтийн ёслолд төрийн далбаагаа мандуулан алхсан хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээсэн юм. Тэрээр тугчийн хийморь, хариуцлагыг ийнхүү олимпын дэвжээнд баталж, Монголын багийн медалийн буухиаг өнгөтэйгээр эхлүүллээ.
Тус жингийн алтан медалийг Азербайжаны Ибрахим Талибов хүртсэн бол мөнгөн медалийг Хорватын Жона Зворк, нөгөө хүрэл медалийг Замби улсын Элиша Зимба нар хүртсэн байна.
ТАТАР МАЙДАР





Спорт




