Өмнөд Солонгосын алдартай стример Жианни Ли яг ийм байдалд ороод хэрхэн ухаалгаар хүнд байдлаас гарсан нь одоо ч яригдсаар байна.
2019 онд Өмнөд Солонгосын 33 настай Twitch платформын алдартай стример Жианни Ли Германы Берлин хотын нэгэн ресторанд шууд дамжуулалт (Live) хийж байх үед нь хоёр герман эр хажууд нь ирж суужээ. Тэд түүнтэй ярилцах гэж биш, харин нүдээ хуруугаараа татаж, доромжилсон дохио зангаа гарган, Ази хүнийг доромжлон дууриаж эхэлсэн байна. Жианни Ли энэ үед огт сандарч, уурлалгүй, маш тайван бөгөөд найрсаг харьцаж, тэдний үйлдэл нь арьс өнгөөр ялгаварласан (расист) хэрэг гэдгийг хэлж, тэндээс явахыг шаарджээ.
Уг үйл явдлын бичлэг цахим орчинд маш хурдан тархаж, Twitch дээр 1 сая, Twitter (X) дээр 1.3 сая гаруй хандалт авсан байна. Цахим хэрэглэгчид түүний хүлээцтэй, ухаалаг хариу үйлдэл үзүүлснийг өндрөөр үнэлж байв. Стример бүсгүй FAZ сонинд өгсөн ярилцлагадаа өөрт тохиолдсон энэхүү таагүй туршлага болон расизмтай хэрхэн тэмцдэг тухайгаа хуваалцжээ.
Жианни Ли: "Надтай бүдүүлэг харьцдаг хүмүүс цөөн байдаг. Гэхдээ улс орон бүрд л цөөн тооны расистууд бий. Хэрэв бид тэдэнтэй шууд ярилцаж, үйлдлийг нь хэлж өгөхгүй бол тэд алдаагаа ухамсарлаж уучлалт гуйх боломжгүй. Миний шууд дамжуулалтыг үзэж буй хүмүүс дунд ч заримдаа тийм үзэлтэй хүмүүс орж ирдэг. Би тэдэнд “Яагаад ингэж байгаа юм бэ? Арьс өнгөөр ялгаварлах нь маш тэнэг хэрэг шүү дээ” гэж шууд асуудаг. Энэ үед тэдний бараг ихэнх нь 'Намайг уучлаарай, Жианни' гэж хариулдаг. Намайг удаан хугацаанд дагаж буй үзэгчид миний энэ арга барилыг сайн мэддэг болсон" хэмээн ярьжээ.
Жианни Ли Германы хэд хэдэн хотоор (Берлин, Мюнхен г.м) аялж, гудамжнаас IRL (In Real Life) буюу бодит амьдралын шууд дамжуулалт хийж байх хугацаандаа хэд хэдэн удаа расист халдлагад өртөж байжээ. Гудамжинд явж байхад нь хүмүүс "Чинг Чонг" гэж дуудах, камер руу нь дайрах, үг хэлээр доромжлох тохиолдлууд гарч байв.
Анхны бичлэг маш том шуугиан тарьж, Германы үндэсний телевизүүд (SAT.1 г.м) болон томоохон хэвлэлүүд үүнийг сурвалжилсан. Үүний дараа Жианниг гудамжинд явж байхад нь Германы жирийн иргэд дөхөж ирэн, элэг нэгтнүүдийнхээ бүдүүлэг үйлдлийн өмнөөс уучлалт гуйж, түүнийг тэврэн дэмжлэг үзүүлж байсан эерэг үйл явдлууд ч мөн өрнөсөн байна.
Түүний тактик: Жианни Ли бусад шиг хашхирч, хэрүүл хийлгүйгээр, шууд камерын өмнө "Таны хийж буй зүйл бол расизм. Та ухаантай хүн шиг аашилж, эндээс явна уу" гэж маш соёлтой, эрс шаардлага тавьдаг нь олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн юм.
ТАТАР МАЙДАР







Гадаад




