Бээжин Баб эль-Мандебын хоолойн нөгөө талд, Йемений яг эсрэг талд орших жижигхэн Жибути улс дахь цэргийн баазаа өргөжүүлсээр байна. Бусад олон улс гүрэн энэ бүс нутагт ашиг сонирхлоо илэрхийлж буй тул энэ нь анхааралтай ажиглах ёстой бүс нутаг болоод байна хэмээн "Al Majalla" (المجلة) цахим сэтгүүлийн нийтлэлч Шарбель Баракат бичжээ.
“Сомалиланд бол Сомалигаас тэс өөр улс.” Энэ бол өнгөрсөн сард Миннесота мужид болсон сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үг юм. Хэдхэн хоногийн дараа Хятад болон Жибути улсууд Трампын энэхүү мэдэгдлийг няцаасан хамтарсан мэдэгдэл гаргав. Сомалиланд бол тусгаар тогтносон бие даасан этгээд биш, харин Сомалийн салшгүй нэг хэсэг гэдгийг тэд түүнд сануулсан нь энэ. Энэ мэдэгдлийн цаг хугацаа ч тохиолдлын хэрэг биш байлаа. Улаан тэнгисийн эрэгт, Йемений ойролцоо тэнгисийн цэргийн бааз байгуулахыг хүсэж буй Израиль улс тус бүс нутагт анхны элчин сайдаа дөнгөж томилоод байсан үе таарсан юм.
Хэдийгээр Трампын засаг захиргаа “Нэг Сомали” бодлогоосоо албан ёсоор ухарснаа зарлаагүй ч Ерөнхийлөгчийн хэлсэн үг уг газар нутагт дахин анхаарал хандуулахад хүргэв. Бүгд найрамдах намын зарим гишүүд Вашингтоныг Израилийн жишгийг дагаж, Сомалиландыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Уг бүс нутаг нь Улаан тэнгисийн үүд хаалга болсон Баб эль-Мандебын хоолойн орох хэсэгт стратегийн чухал байрлалд оршдог. Харин хоолойн нөгөө талд орших Йеменд Ираны дэмжлэгтэй Хусит босогчид олон улсын далайн тээврийг тасалдуулах чадвартай хэвээр байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон Жибутийн Гадаад хэргийн сайд Абдулкадер Хуссейн Омар нарын гаргасан мэдэгдлийн цаана илүү өргөн хүрээний агуулга оршиж байгаа хэрэг. Тэдний уулзалт нь Йеменд байлдааны ажиллагаа дахин сэргэж, Африкийн эвэрт Этиоп, Эритрейн хооронд хурцадмал байдал үүсэж, Египет улс Саудын Арабт цэргийн тусламж үзүүлэхээ амласны дараа Улаан тэнгис болон Баб эль-Мандебын хоолойд түгшүүр нэмэгдсэн цаг үетэй давхацсан юм. Эдгээр үйл явдлыг нэгтгэн харвал далайн тээврийн коридорын аюулгүй байдлаас эхлээд дэд бүтцийн хөрөнгө оруулалт, худалдааны сүлжээ, бүс нутгийн холболт зэрэг Хятадын бүс нутаг дахь стратегийн амбицад томоохон нөлөө үзүүлэхээр байна.
Өсөн нэмэгдэж буй сорилтуудтай тулгарсан Бээжин Улаан тэнгисийн эрэгтэй жижигхэн Жибути улстай түншлэлээ гүнзгийрүүлэхээр зорьж буй бололтой. Жибути нь хойд талаараа Эритрей, баруун болон өмнөд талаараа Этиоп, зүүн өмнөд талаараа салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Сомалиландтай хиллэдэг. Жибутид АНУ, Хятад зэрэг гаднын их гүрнүүдийн тэнгисийн цэргийн хэд хэдэн байгууламж байрладаг. Одоо Бээжин үүн дээрээ тулгуурлан хоёр орны аюулгүй байдал, дипломат зохицуулалтын цар хүрээг тэлэхийг хүсэж байна.
2023 оны сүүлчээр Хуситууд Газын зурвас дахь палестинчуудыг дэмжих зорилгоор Израилийн эзэмшлийн болон Израиль руу чиглэсэн худалдааны хөлөг онгоцнуудад халдаж эхэлснээр Улаан тэнгист үймээн дэгдсэн билээ. Энэ жил Иран улс Ормузын хоолойг хаах үед баримталсантайгаа адилаар Хятад улс олон улсын усан замаар чөлөөтэй зорчих зарчмыг олон нийтийн өмнө тууштай дэмжсэн. Гэхдээ бодит амьдрал дээр Бээжин өөрийн газрын тосны танкер болон худалдааны хөлөг онгоцнуудыг аюулгүй нэвтрүүлэхийн тулд Хуситууд болон Ирантай хоёулантай нь хэлэлцээ хийж ирсэн юм.
Хятад улс энэ хоёр нөхцөл байдлыг өөр өөрөөр харж байна. Ормузын хоолойн тухайд НҮБ-ын гишүүн улс (Иран) олон улсын зөвшөөрөлгүйгээр Америк, Израилийн халдлагад өртсөн гэж үздэг. Харин Йемен болон Баб эль-Мандебын хоолойн асуудалд Саудын Арабын дэмжлэгтэй Аден хотод төвтэй засгийн газрын эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмждэг ч Хуситуудын зүгээс засгийн газрын эсрэг цэргийн хүч хэрэглэж буйг зөвтгөдөггүй.
Ормузын хоолойд Бээжин усан тээвэрт саад учруулахаа зогсоож, далайн хэвийн хөдөлгөөнийг сэргээхийг Тегеранаас чимээгүй дипломат шахалтаар шаардсан. Харин Улаан тэнгист аюулгүй байдлын хяналтаа нэмэгдүүлж, үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байна. АНУ-д төвтэй Стратеги, олон улсын судалгааны төвөөс (CSIS) есдүгээр сард нийтэлсэн дүн шинжилгээгээр Хятад улс 2024 оноос хойш Жибути дахь байгууламжуудаа өргөтгөж, шинэчилж байгаа нь тогтоогджээ. Хятадын эх газраас гадна байгуулсан анхны цэргийн бааз болох энэхүү байгууламжийг Бээжингийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор ийнхүү сайжруулж байна.
Гэвч эдгээр шинэчлэлт нь цэргийн байр сууриа өөрчилж буйн дохио биш байж магадгүй юм. Хятадын улс төрийн тоймч Жао Жижүнь Жибутитай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа ойртуулж буйг Хятадын цэргийн оролцоог тэлэх эсвэл Барууны эвслүүдийг орлох санаархал гэж тайлбарлах ёсгүй хэмээн үзэж байна. Тэрээр Al Majalla сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ийм хамтын ажиллагаа нь баазыг үлэмж хэмжээгээр томруулах эсвэл одоогийн үүрэг чиглэлийг нь өөрчлөх шаардлагагүй гэж мэдэгджээ.
Ялангуяа Хуситуудын халдлагын эсрэг Саудын Арабыг дэмжихэд бэлэн байгаагаа Египет улс зарласны дараа Улаан тэнгисийн сөргөлдөөн улам дордож болзошгүй гэх болгоомжлол нэмэгдэж байна. Ираны талыг баримтлагч босогчид үүнийг дайн зарласантай адилтгаж үзнэ гэж мэдэгдсэн нь Улаан тэнгисийн эрэг болон Суэцийн суваг дагуух Египетийн байгууламжууд бай болж болзошгүй гэсэн үг юм. Энэ нь бүс нутгийн усан замаар дамжин өнгөрөх усан тээвэр, худалдаанд нэмэлт дарамт учруулна.
ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Африкийн эвэрт терроризмын аюул заналхийлэл нэмэгдэх төлөвтэй байгаа тул Хятад, Жибути хоёр зөвхөн далайн тээвэр, цэргийн үйл ажиллагаанд санаа зовоод зогсохгүй байна. Йемен дэх Хуситууд болон Сомали дахь “Аль-Шабааб” бүлэглэл нийтлэг ашиг сонирхлынхоо төлөө хамтран ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Үүний хариуд Жибутийн Гадаад хэргийн сайд Бээжинд айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Энэхүү хэлэлцээр нь далайн аюулгүй байдлыг хангах, Баб эль-Мандебын хоолойгоор дамжин өнгөрөх худалдааны хөлөг онгоцнуудыг хамгаалах чиглэлээрх зохицуулалтыг бэхжүүлэх хоёр талын хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна. Мөн Жибути дахь Хятадын байгууламжуудыг шинэчлэх зэрэг аюулгүй байдлын түншлэлээ хөгжүүлэх улс төрийн хүрээг бүрдүүлж өгчээ. Энэ нь Жибути улсад аюулгүй байдлын түншүүдээ төрөлжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн цэргийн мөргөлдөөнд татагдан орохоос зайлсхийхэд тусалж болох юм.
Үүний зэрэгцээ Бээжин сүүлийн долоо хоногуудад дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлээд байна. Хятадын Африкийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Лю Сяньфа Этиопт айлчилж, Гадаад хэргийн сайдтай нь уулзан бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээхийн төлөө бүх талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлснийхээ дараа 2026 оны арваннэгдүгээр сарын 10-нд Жибутид очиж тус улсын Ерөнхийлөгч Исмаил Омар Геллехтэй уулзав. Тэрээр Африкт хийх айлчлалынхаа хүрээнд Египетэд мөн айлчлах юм.
Арваннэгдүгээр сарын 5-нд Хятадын Африкийн эвэрийн асуудал эрхэлсэн тусгай элч Ху Чанчунь Эритрейн Асмара хотод айлчилсан бол Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Жай Жүнь 2026 оны арваннэгдүгээр сарын 9-нд Тегеран хотноо Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Али Багери Канитай уулзжээ. Жай Тегеранд саатсаныхаа дараа арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл Оман, Саудын Арабт үргэлжлүүлэн айлчилж, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд дипломат тогтвортой байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр төлөвлөж байна.
БААЗУУДЫН ТАЛААРХ ДАРАМТ ШАХАЛТ
Жибути улс ойрхон өрнөж буй Йемений дайны талаар хатуу төвийг сахих бодлого баримталж байгаагаа зарласан ч Зүүн Африкийн энэ жижиг улсад байрлах баазаасаа Хуситуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг АНУ-ын зүгээс шахаж байна гэх мэдээлэл гарчээ. Үүний хариуд Хятад-Жибутийн хамтарсан мэдэгдэлд Улаан тэнгистэй хиллэдэг улс орнуудын бүрэн эрхт байдал, улс төрийн хүсэл зориг, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, өдөөн хатгасан аливаа үйлдлээс зайлсхийх шаардлагатайг онцолсон байна.
Нэг ёсны сануулга болсон уг мэдэгдэлд “их гүрнүүд болон гаднын хүчнүүдийг” хүч хэрэглэх, хориг арга хэмжээ авахаас түдгэлзэхийг уриалж, бүс нутгийг цэрэгжүүлэхээс сэрэмжлүүлэв. Мөн Бээжин далайн тээврийн замыг хамгаалах, худалдааны тасралтгүй урсгалыг хангах чиглэлээр Улаан тэнгисийн эргийн орнуудын гаргаж буй хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ байр суурь нь эдгээр усан замын аюулгүй байдлыг хангах хариуцлагын ихэнх хэсгийг бүс нутгийн улс орнуудын гарт үлдээхийн зэрэгцээ гаднын оролцоог хол байлгахыг зорьж буй хэрэг юм.
Баб эль-Мандебын хоолойн ойролцоо Америкийн нөлөө тэлэх нь хүчний тэнцвэрийг алдагдуулж болзошгүй гэх болгоомжлол энэхүү байр сууринд тусгалаа олсон гэж Жао үзэж байна. Жибутид үзүүлж буй АНУ-ын дарамт шахалт 2024 онд анх ил болсон бөгөөд тухайн үед Жибути улс өөрийн газар нутаг, тодруулбал Америкийн “Кэмп Лемонье” (Camp Lemonnier) баазаас Хуситуудын эсрэг ажиллагаа явуулах АНУ-ын хүсэлтээс татгалзсан тухай хэвлэлүүд мэдээлж байв.
2026 оны долдугаар сард Хуситууд довтолгоогоо эрчимжүүлсний дараа мөргөлдөөний үр дагавар Жибутид хүрч буйн шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Аравдугаар сарын 29-нд Жибути дахь АНУ-ын Элчин сайдын яам “бүс нутагт өрнөж буй үйл явдлын” улмаас ажилтнууд болон Америкийн иргэдийг хоргодох байранд орохыг уриалсан сэрэмжлүүлэг гаргасан ч мөн өдрийнхөө орой цуцалсан байна. Мөн Жибути хотоос баруун өмнө зүгт 10 орчим км-ийн зайд орших Чабелли нисэх буудлын ойролцоо Америкийн нисгэгчгүй онгоц сүйрсэн тухай мэдээлэл цацагдсан нь Хуситууд халдлага үйлдсэн байж болзошгүй гэх таамгийг төрүүлэв.
БҮС НУТГИЙН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ
Хятад улс Этиоптой эдийн засаг, цэргийн өргөн хүрээний харилцаатай хэдий ч Африкийн эвэр дэх мөргөлдөөнүүд улам бүр гүнзгийрч буй энэ үед Жибутитэй тогтоосон түншлэл нь илүү чухал ач холбогдолтой болж байна. Бээжин ашиг сонирхол нь байнга зөрчилддөг улс орнууд, тухайлбал нэг талд Этиоп, нөгөө талд Египет, Судан, Сомали зэрэг орнуудын харилцааг тэнцвэржүүлэх нарийн төвөгтэй даалгавартай тулгараад байна. Эдгээр хурцадмал байдал нь Этиопын Их Сэргэн мандалтын далан, Сомалиланд болон Суданы иргэний дайнд Этиоп цэргийн хүчээр оролцсон гэх мэдээллүүдийн эргэн тойронд төвлөрч байна.
Сомалиландын Бербера боомт нь Хятадын эдийн засгийн ашиг сонирхолд бас нэгэн сорилт авчирч болзошгүй юм. Хятад улс Жибути дахь Доралех боомтыг хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулалт хийж, бүс нутгийн худалдаанд үйлчилдэг арилжаа, ложистикийн төв болгон хувиргасан. Гадаад худалдааныхаа 90 гаруй хувийг Жибутийн боомтуудаар дамжуулдаг Этиопын ихээхэн хамаарал үүнд эерэгээр нөлөөлж ирсэн юм.
Гэвч Бербера боомтыг хөгжүүлснээр өрсөлдөгч коридор нээгдэж, Этиоп улс ачаа тээврийнхээ 30 хувийг уг боомтоор дамжуулахаар зорьж байна. Жибутийн эдийн засгийн үүрэг ролийг Бээжин өндрөөр үнэлж буйг онцлон Хятадын Гадаад хэргийн сайд хоёр орныг “импортын бараанд ногдуулах Хятадын тэг тарифын бодлого болон Жибутийн газарзүйн давуу талыг” бүрэн ашиглахыг уриалав. Хоёр боомтын өрсөлдөөн нь Бээжин Бербераг шууд аюул занал гэж үзэж байна гэсэн үг биш юм.
Бээжингийн их сургуулийн эдийн засгийн профессор Сюй Минжи Al Majalla-д ярихдаа, Аддис-Абебаг Жибутитэй холбосон төмөр зам зэрэг Этиоптой аль хэдийн өргөн хүрээний худалдаа, тээврийн сүлжээг хөгжүүлсэн тул Жибути одоогоор харьцангуй давуу талтай байгааг тайлбарлав.
Сюй мөн Бербера боомтын хөгжилд боломжит үр ашгийг олж харж байна. Боомтын илүү үр ашигтай үйлчилгээ, сайжруулсан тээврийн сүлжээ нь худалдааны зардлыг бууруулж, шинэ компаниудад дэлхийн зах зээлд гарах боломжийг олгоно. Африкт үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудын хувьд ачааг нь аль боомтоор тээвэрлэхээс үл хамааран ложистикийн сайн үйлчилгээ авах нь зөвхөн эерэг үр дүнтэй гэж тэрээр хэлэв.
Берберагийн ач холбогдол нь Доралехтэй хийх арилжааны өрсөлдөөнөөс хамаагүй хальж байна. Адены буланд орших түүний байршил нь АНУ-ын хувьд цэргийн стратегийн ач холбогдолтой бөгөөд бүс нутгийн ажиллагаанд нутаг дэвсгэр, байгууламжаа ашиглуулахад хязгаарлалт тавьдаг Жибути дахь одоогийн байр сууриа орлох эсвэл нөхөх хувилбар гэж Вашингтон үзэж магадгүй юм. АНУ-ын цэргийн албаны хүмүүс тус бүс нутагт аль хэдийн айлчилсан бол Сомалиландын эрх баригчид Вашингтонд цэргийн байгууламж санал болгоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.
ИЛҮҮ ТОМ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ НЬ
Бээжингийн хувьд Сомалиландыг тойрсон эмзэг байдал нь худалдаа, аюулгүй байдлаас хальж, тус бүс нутаг Тайваньтай нягт холбоотой байдаг тул Хятадын гадаад бодлогын суурь зарчимыг мөн хөнджээ. Тиймээс Хятад-Жибутийн хамтарсан мэдэгдэлд “Сомалиланд болон Тайванийн эрх баригчдын хоорондын аливаа хуйвалдааныг” эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Сомалиландыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх нь Тайванийн улс төрийн хүчнүүдийн түшиглэх жишиг тогтоож болзошгүй гэж Бээжин болгоомжилж байна.
Сомалиландын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний хариуд Бербера боомтоор дамжин далайд гарах гарцыг Этиопт санал болгосны дараа Хятад улс Африк дахь хамгийн том зээлдэгч болох Этиоп дахь нөлөөгөө ашиглан Сомалиландад шахалт үзүүлж байсан удаатай. Мөн Бээжин Сомалиландын нийслэл Харгейса хотод Израилийн нөлөө нэмэгдэж буйг, ялангуяа Израилийн элчин сайдын яам нээхээр төлөвлөж буйн өмнө тус улсын анхны элчин сайд Майкл Лотем аравдугаар сарын 30-нд хүрэлцэн ирснийг анхааралтай ажиглаж байна. Израилийн оролцоо нь бүс нутаг дахь өрсөлдөөн, хурцадмал байдлыг улам хурцатгаж болзошгүй гэж Хятадын ажиглагчид үзэж байна.
Сүүлийн үед Жибутид төвлөрөн явуулж буй Хятадын дипломат болон аюулгүй байдлын үйл ажиллагаа нь Бээжин Улаан тэнгис болон Африкийн эвэрт илүү өргөн хүрээний үүрэг гүйцэтгэхийг хүсэж байгааг харуулж байна. Тэдний амбиц одоо зөвхөн өөрийн ашиг сонирхлыг хамгаалахаас хальж, бүс нутгийн өсөн нэмэгдэж буй тогтворгүй байдлын эх үүсвэрүүдийг хязгаарлахад туслах хэмжээнд хүрчээ. Египет улс Йемений дайнд татагдан орох (үүнийг дагаад Суэцийн сувгаар дамжин өнгөрөх усан тээвэрт эрсдэл учрах), Этиоп, Эритрейн хооронд шинэ дайн дэгдэх, АНУ Сомалиландыг хүлээн зөвшөөрөх зэрэг хэд хэдэн магадлал Хятад улс одоогийн оролцооны түвшингээ хадгалж чадах эсэхийг сорих болно.
Ирантай хийж буй дайн бас нэгэн чухал давхаргыг нэмж байна. Энэхүү мөргөлдөөн дуусах эсвэл үргэлжлэх нь бүс нутгийн өргөн хүрээний тэмцэл дэх Йемен болон Хуситуудын байр сууринд нөлөөлж, улмаар Бээжингийн аюулгүй байдал, дипломат тооцооллыг гарцаагүй тодорхойлох болно. Эдгээр тодорхойгүй байдлууд давхцаж буй тул Хятад улс оролцоогоо улам гүнзгийрүүлэх шаардлагатай болж магадгүй ч үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар одоогоор тооцоолсоор байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад




