Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Эрдэнэбатын Цэндбаатар карьерынхаа хамгийн хариуцлагатай бөгөөд чухал тулаануудын нэгийг амжилттай хийлээ. Тэрээр АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын "County Coliseum" ордонд зохион байгуулагдсан ProBox Championship Series тэмцээний үеэр Тажикистаны шилдэг боксчин Мухаммадхуча Якубовыг 10 үеийн хүнд, ширүүн тулааны эцэст яллаа.
Энэхүү тулаан нь WBC холбооны супер өдөн жин буюу 58.9 кг-ын жинд явагдсан юм. Э.Цэндбаатар тулааны эхний үеэс л санаачилгыг гартаа авч, баруун гарын оновчтой шулуун цохилтоор өрсөлдөгчөө хүнд байдалд оруулан унагасан байна. Хэдийгээр Тажикистаны тулаанч Мухаммадхуча Якубов нь 23 ялалт, 1 ялагдал, 1 тэнцээ гэсэн арвин туршлагатай, жингийнхээ чансааны долдугаарт эрэмбэлэгддэг хүчтэй өрсөлдөгч байсан ч манай тамирчин 10 үеийн турш илүүрхэн тулалдлаа.
Ийнхүү Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдалгүйгээр 16 дахь дараалсан ялалтаа (16-0) байгуулж, дэлхийн аваргын бүсний төлөөх өрсөлдөөнд байр сууриа улам бататгалаа.
ТАТАР МАЙДАР







Спорт



