Dark Light
Улс төр | 2026-11-14

ПОЛЬШ УЛСЫН СЕЙМИЙН ДЭД МАРШАЛ ДОРОТА НИЭДЖИЭЛА МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | parliament.mn

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэ өчигдөр (2026.11.13) Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хоёр улс 76 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, түүхэн уламжлал, харилцан хүндэтгэл, итгэлцлийн үндсэн дээр иж бүрэн түншлэлийг бий болгосон, Польш Улсыг манай чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг УИХ-ын дэд дарга онцоллоо. Тэрбээр, Польш Улс Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг эрт үеэс хүлээн зөвшөөрч, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг дэмжиж ирсэнд талархдаг гээд, өнгөрсөн намар тус улсад айлчлах үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол, Польшийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Польшийн талын нөхцөлт зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийг өндрөөр үнэлж байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг дараа долоо хоногт соёрхон батлахаар болсныг уулзалтын үеэр тодотгосон юм.

Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Дорота Ниэджиэла хууль тогтоох байгууллагуудын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэйг онцлохын сацуу хоёр улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг туулсан түүх, замналаараа ижил төстэйг тэмдэглэв.

Монгол Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд салбар бүрийн онцлог чиглэлээр мэргэшсэн төлөөлөл явааг танилцуулаад, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ. Түүнчлэн Нөхцөлт зээлийн гэрээг соёрхон батлах талаар мэдээлэл өгсөнд талархав.

Талууд Монгол, Польшийн Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлж, Тамгын газруудын харилцааг идэвхжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуйн салбар, ялангуяа мал эмнэлгийн чиглэлд хамтрах боломжийг хөндөж, санал солилцлоо.

Уулзалтад Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга  Жаргалсайханы Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан, Доржсүрэнгийн Үүрийнтуяа, Хажекберийн Жангабыл, Польш Улсын Сеймийн гишүүн Мариа Коц, Уршула Паславска, Иоланта Жиэмба Гжик нар болон холбогдох албаны төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08