БНАСАУ-ын Ажилчдын намын Төв цэргийн комиссоос даваа гарагт Хойд Солонгосын Төв мэдээний агентлаг (KCNA)-д өгсөн мэдэгдэлд тус улсын удирдагч Ким Чен Ун Москва, Пхеньян хоёрын хооронд байгуулсан харилцан хамгааллын гэрээний хүрээнд Оросын цэргүүдтэй хамтран тулалдахаар Хойд Солонгосын цэргүүдийг илгээсэн болохыг мэдээлжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, эдгээр цэргүүд нь Курск бүс нутаг дахь Украины армийн довтолгоонд өртсөн Оросын газар нутагт сөрөг давшилт хийж, нутгийг буцаан авахад хувь нэмэр оруулж байгаа аж. Тэднийг "Оросын зэвсэгт хүчинтэй хамтран Украйны неонацист түрэмгийлэгчдийг устгах, Курскийн бүс нутгийг чөлөөлөх" зорилгоор илгээсэн гэж онцолжээ.
KCNA мэдээлэхдээ, Хойд Солонгос "Оросын Холбооны Улс шиг хүчирхэг улстай холбоотон байхыг нэр төрийн хэрэг" гэж үзэж буйг онцолсон байна.
Орос, Хойд Солонгосын удирдагч Владимир Путин, Ким Чен Ун нар өнгөрсөн оны зургаадугаар сард стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дараа Оросын талаас БНАСАУ-д гадны улс халдан довтолсон тохиолдолд цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байв.
Украины талаас энэ оны эхээр Хойд Солонгосын 14,000 орчим цэрэг тулаанд оролцож, тэднээс 3,000 орчим нь амь үрэгдсэн гэх мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Харин Ким Чен Ун ойрын хугацаанд Украйны эсрэг тулалдсан цэргүүдэд зориулан Пхеньян хотод хөшөө босгохоор төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж
| ALJAZEERA
|