Dark Light
Гадаад | 2025-05-09

ШИНЭ ПАП РОБЕРТ ПРЕВОСТ ГЭЖ ХЭН БЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Католик шашны түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Ватиканы Сэнт Петрийн сүмийн тагтан дээр цагаан утаа суунаглаж, олон мянган сүсэгтнүүд “Viva il Papa!” буюу “Пап ламд удаан наслаг!” хэмээн уухайлан угтав. Ингээд 69 настай Роберт Превост нь Лео XIV нэрээр 267 дахь пап лам болж томилогдлоо.

Превост нь Америкт төрсөн анхны пап лам бөгөөд Перуд олон жил номлогчоор ажиллаж, тэндхийн шашны амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн тул Латин Америкийн кардиналын хувиар ч мөн нэрлэгддэг. Тэрээр 1955 онд Чикагод испани ба франц-итали гаралтай гэр бүлд төрсөн бөгөөд 1982 онд санваартан болж, 1985 онд Перуд очин ард иргэдтэй хамтран ажиллаж эхэлжээ.

Лео XIV нь ард иргэдийн дунд нэр хүндтэй, ядуу буурай, гадуурхагдсан хүмүүсийн төлөө тууштай зүтгэж ирсэн нэгэн юм. Перуд 10 гаруй жил сүмийн пастороор болон шашны семинарт багшаар ажиллаж байжээ. Түүнчлэн Латин Америкийн епископуудыг сонгон шалгаруулах, хянан зохион байгуулах үүрэг бүхий Ватиканы "Епископуудын хэлтэс"-ийн тэргүүнээр ажиллаж байсан.

Шинэ пап лам анхны илтгэлдээ өмнөх пап Францисыг дурсан хүндэтгэж, “Бидний чихэнд Пап Францисын сулхан хэрнээ зоригтой дуу хоолой өнөө ч хадагдаж байна” хэмээн онцлов. “Бид нэгдмэл байж, Бурхантай хамт урагшилцгаая” гэж олон түмэнд хандан уриалав.

Түүний сонгосон “Лео” хэмээх нэр нь нийгмийн шударга ёс, ажилчдын эрх, байгаль орчны хамгаалал зэргийг дэмжигч Пап XIII Леогийн өвийг үргэлжлүүлэхийг зорьж буйг илэрхийлдэг гэж шинжээчид үзэж байна.

Лео XIV нь Пап Францисын шинэчлэлийн чиг хандлагыг үргэлжлүүлэх нэгэн хэмээн тодорхойлогдож байна. Тэрээр байгаль орчны асуудал, цагаачдын эрх, ядуусын нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулж ирсэн. "Байгалийг захирах ёс нь харгис дарангуйлал болох ёсгүй" хэмээн тэрээр мэдэгдэж байжээ.

Мөн тэрээр эмэгтэйчүүдийг епископын томилгоонд оролцуулахыг дэмжиж, “тэдний үзэл бодол бол үнэтэй нэмэр” хэмээн онцолсон байна.

Пап Лео XIV нь дэлхий дахинд итгэл найдвар түгээх, Католик сүмийг нээлттэй, хүмүүнлэг, орчин цагийн үнэт зүйлсийг дээдэлсэн байгууллага болгон шинэчлэх зорилготой нэгэн хэмээн олон нийт хүлээж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00