АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабтай түүхэн хэмжээний хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулжээ. Уг хэлэлцээрт АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгийн хамгийн том борлуулалт багтсан гэж мэдээлж байна.
Трамп мягмар гарагт (Саудын Арабын нийслэл) Рияад хотод уг улсын хунтайж Мохаммед бин Салмантай уулзалт хийжээ.
Тэрээр уулзалтын үеэр:
“Манай сөнөөгч онгоцууд, пуужин, Патриот систем зэрэг хамгийн шилдэг тоног төхөөрөмжтэй. Түүнээс гадна та бүхэн маш олон төрлийн бүтээгдэхүүн худалдан авч байгаа, би үүнд талархаж байна” хэмээн онцолсон байна.
Цагаан ордны мэдээлснээр, АНУ ба Саудын Араб стратегийн түншлэлээ бэхжүүлэхээр тохиролцсон бөгөөд Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалт өгсөн байна.
Энэхүү хөрөнгөд 142 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ багтах ба АНУ:
- Пуужингаас хамгаалах систем,
- Тэнгисийн аюулгүй байдалтай холбоотой тоног төхөөрөмж,
- Арми шинэчлэхэд шаардлагатай хэрэгсэл зэрэг олон төрлийн зүйлсийг нийлүүлэхээр болжээ.
Саудын тал ийм худалдан авалт хийх замаар бүс нутагтаа цэргийн давуу байдлаа хадгалахыг зорьж байгаа юм.
Трамп энэ лхагва гарагт Сири улсын түр Ерөнхийлөгч Ахмед Аль-Шараатай уулзахаар товлосон бөгөөд уг уулзалтын дараа Сирид тавьсан хориг арга хэмжээг цуцлах тушаал гаргах төлөвтэй байна. Үүний дараа тэрээр Катар болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад айлчлах юм.
Эх сурвалж
| NHK
|