Онлайн худалдааны платформ болох Temu, Shein-ийн АНУ-ын хэрэглэгчид буурчээ. Үүний шалтгаан нь Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас оруулж ирсэн бараанд өндөр татвар ногдуулсан ба татварын нүх сүвийг хаасан явдалтай холбоотой гэж мэдээлсэн байна. Temu-ийн АНУ дахь гар утасны аппуудын идэвхтэй хэрэглэгчид 51 хувиар буурч, 40.2 саяд хүрсэн гэж зах зээлийн мэдээний компани Sensor Tower мэдээлсэн байна. Мөн Shein-ийн хэрэглэгчдийн тоо буурсан ба хэрэглэгчдийнхээ 12 хувийг алдаж, 41.4 сая хэрэглэгчидтэй болжээ.
Shein болон Temu нь сүүлийн таван жилд цахим худалдааны салбарт шинэ загварыг танилцуулж, барууны зах зээлд хувьсгал хийсэн. Эдгээр компаниуд Хятад улсаас бүтээгдэхүүнийг шууд хэрэглэгчийн хаягаар илгээж, хямд үнээр бүтээгдэхүүнээ зарахаас гадна нийгмийн сүлжээгээр сурталчилгаа ихээр явуулж, хэдхэн сарын дотор асар том хэрэглэгчийн баазтай болсон байдаг. Shein нь өсөлтөө ашиглан анхны хувьцаа гаргах (IPO) зорилготой байсан ч АНУ болон Их Британи улсад зохицуулалтын зөвшөөрөл авахад бэрхшээл тулгарсан байна. Reuters-ийн мэдээлснээр, Shein нь ойрын хугацаанд Хонконгт IPO гаргахаар төлөвлөж байгаа талаар бичсэн байна.
Тавдугаар сарын 2-нд Трамп АНУ-д Хятад болон Хонконгоос орж ирж "de minimis" гэх бага үнэтэй барааны татварын чөлөөт орон зайг устгаж, 90 хувийн татвар ногдуулсан байна. Трампын эдгээр бодлогын өөрчлөлтөөс хойш Temu АНУ дахь үйл ажиллагаагаа өөрчилсөн ба Хятад дахь үйлдвэрүүдээс бүтээгдэхүүнүүдээ явуулахын оронд АНУ дахь худалдаачдынхаа барааг шууд тээвэрлэж байгаа аж.
Temu болон Shein-ийн хэрэглэгчдийн уналт нь сурталчилгааны зардлын бууралттай холбоотой байж магадгүй гэж тайлбарлаад байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Temu-ийн АНУ дахь сурталчилгааны зардал 87 хувиар буурсан бол Shein-ийнх 69 хувиар буурчээ. Өнгөрсөн жил эдгээр компаниуд АНУ-д хамгийн том сурталчилгааны бүтээгчдийн 10, 11-рт жагсаж байсан бол одоо эдгээр компаниудын нэрс 60 дугаар байранд орсон гэж Sensor Tower мэдээллээ. АНУ-д байдал улам хүндэрч буйтай холбоотойгоор Temu болон Shein Европт анхаарлаа хандуулж эхэлжээ. Temu-ийн хэрэглэгчдийн тоо зургадугаар сард Францд 76 хувь, Испанид 71 хувь, Германд 64 хувиар өсжээ. Харин Shein-ийн хэрэглэгчдийн тоо Их Британи, Герман болон Францад 13-20 хувийн хооронд өсөв. Temu компанийн зүгээс бизнесийн үзүүлэлтүүд эсвэл сурталчилгааны зардлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч "Бид бүс нутгуудын худалдаачидтай хамтран ажиллахад анхаарч байна" гэж мэдэгдсэн байна.
Р.УУГАНБАЯР
Эх сурвалж
| https://www.ft.com/
|