Хятад улс өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай газрын ховор элементийн экспортыг чангатгах шинэ журам гаргалаа.
Хятадын Худалдааны яамнаас "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах" зорилгоор гаргасан шинэ журам нь ховор металлын боловсруулалтын технологи болон гадаад хамтын ажиллагаатай холбоотой одоо мөрдөгдөж буй дүрмийг албан ёсны болгож байна.
Мөн Хятад улс гадаадын зэвсэг үйлдвэрлэгчид болон хагас дамжуулагчийн компаниудад экспортлохыг хориглох магадлалтай байна.
Ховор металлын экспорт нь АНУ, Хятад 2 улсын олон сар үргэлжилж буй гаалийн татвар, худалдааны хэлэлцээрүүдийн гол саад болоод байгаа асуудал юм. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ сарын сүүлээр уулзах төлөвтэй байгаатай холбогдуулан мэдэгдэл хийлээ.
“Ховор металлыг олборлох, боловсруулах болон соронз хийхэд ашиглагддаг технологийг зөвхөн засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр экспортлох боломжтой болно” гэж Худалдааны яам мэдэгдэв. Энэ нь ховор элементийн олборлолт ихтэй ч боловсруулах байгууламж дутмаг АНУ-д нөлөөлж магадгүй юм.
АНУ болон барууны бусад орнууд Хятадыг хоёр технологи (иргэний болон цэргийн) буюу хос хэрэглээтэй материалыг Орос улс руу экспортлохыг зөвшөөрч, Украинд өрнөж буй дайнд тусалж байна гэж буруутгасаар байна. Үүнийг Хятадын талаас удаа дараа няцаасаар ирсэн.
Ховор металл гэж юу вэ?
Ховор металл гэдэг нь 17 төрлийн химийн хувьд төстэй элементүүд бөгөөд өндөр технологийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх нь байгальд элбэг байдаг боловч цэвэр хэлбэрээр олох нь ховор байдаг тул "ховор" гэж нэрлэдэг. Жишээлбэл, неодимыг чанга яригч, компьютерын хатуу диск, цахилгаан машины мотор, тийрэлтэт хөдөлгүүрт ашигладаг хүчирхэг соронз хийхэд ашигладаг.
Хятад улс газрын ховор металлыг олборлох, боловсруулах тал дээр бараг монопол эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн Хятад улс бусад металлаас ховор металл ялгадаг. Олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA)-ын тооцоолсноор ховор металлын олборлолтын 61 орчим хувь, боловсруулалтын 92 хувь нь Хятадад ногддог байна.
Б.Энхзаяа
Эх сурвалж
| BBC
|